Categories
мэдээ цаг-үе

Дижитал мэдлэгээ дээшлүүлбэл өрсөлдөх чадвараа ахиулах боломж байна

Дэлхийн улсуудын өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” шинэ тайланг өнгөрсөн долоо хоногт олон улсад танилцуулав. Тус жагсаалтад Монгол улс 63 улсаас 62-т бичигджээ. Өмнөх хоёр жилд ч энэ байранд жагссан юм байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвд Монгол улсын мэдээллийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс цуглуулж нэгтгэн хүргүүлдэг юм байна. Олон улсын судалгааны байгууллагаас дэлхийн 200 гаруй улс орноос 63 улсыг яагаад онцолж жагсаадаг, түүнд нь Монгол улс хэрхэн багтсан, ирээдүйд монголчууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ямар боломж байгаа талаар мэдээллийг хүргэе.

Дэлхий дээр НҮБ-ын бүрэн эрхт 193, байнгын ажиглагч хоёр улс байдаг. Үүнээс гадна 10 гаруй орон тусгаар тогтносон боловч бусад улсаар бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй, олон улсын эрх зүйн чадамжгүй гэж тооцогддог аж. улс орнуудын өрсөлдөх чадварын судалгааг олон улсын хэд хэдэн байгууллага хийдэг. Түүний нэг нь дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв юм байна. Тус байгууллага статистикийн мэдээлэлд тулгуурлаж 332 үзүүлэлт цуглуулж түүнээсээ 295-ыг нь индекс тооцох аргачлалд оруулдаг. Эдгээр үзүүлэлт дэлхийн бүх улс оронд жил бүр тасралтгүй гарах боломжгүй. дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөнтэй, эсвэл зарим мэдээлэл нь шаардлага хангахгүй, гарахгүй байх тохиолдлоос үүдэж 63 орныг сонгож авдаг гэдгийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал и.одончимэг ярилаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн 200 гаруй орноос тогтвортой, “найдвартай” 63 улс орны тоонд Монгол Улс багтаж байна гэсэн үг.

Энэ жилийн хувьд өрсөлдөх чадвараараа сингапур, Хонконг, АНУ гэх улсууд тэргүүлжээ. Өнгөрсөн жил АНу жагсаалтыг тэргүүлсэн байдаг. дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайланг тухайн улс эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлэгт ангилан гаргадаг. Монгол Улсын хувьд өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд хэрхэн гарсан талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал и.одончимэг “Энэ дөрвөн тулгуур багана дөрвүүлээ сайн байж өрсөлдөх чадвар сайтай байдаг. Манай улсын хувьд бизнесийн орчин дээр зарим үзүүлэлт сайжирч байна. дэд бүтэц, ялангуяа харилцаа холбооны үзүүлэлт, түүнд оруулсан хөрөнгө оруулалт сайжирсан дүр зураг ажиглагдаж байгаа. Дээр нь цахилгаан эрчим хүчний үнэ, бизнес эрхлэх зардал харьцангуй бага байдаг. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эдийн засгийн үзүүлэлт сайжирсан нь өрсөлдөх чадварын оноонд эерэгээр болоход нөлөөлсөн. Жишээ нь, чадварлаг ажилтны олдоц, боловсролын үзүүлэлтийн оноо бага, багаар ахисан” гэв. Харин анхаарах зүйлс нэлээд бий аж.

Дэлхийн хөгжлийн динамик Зүүн хойд Азийн улс орон руу чиглэж байгааг олон улсын шинжээчид онцолдог. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа ч үүнийг батлан харуулжээ. Эдийн засгийн хөгжлөөрөө толгой цохидог АНУ энэ жил Сингапур улсад байраа тавьж өгсөн нь Зүүн хойд Азийн улс орнууд эрчимтэй хөгжиж байгааг харуулна.

Сингапур, түүний хойноос жагссан Хонконг зэрэг Азийн орнууд хөгжлийн гол түлхүүр дижитал технологийн хөгжил, чадварлаг боловсон хүчний үр бүтээлтэй ажилтай шууд холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, улс орнуудын ирээдүйн хөгжил энэ хоёр бүлэг дээр голлож хөгжих прогнозтой байгааг судлаачид тэмдэглэжээ.

Тиймээс Монгол Улс чадварлаг боловсон хүчин бэлтгэх, дижитал технологи буюу мэдээллийн технологийн мэдлэг чадвараа онцгойлон өсгөх шаардлагатай байгааг судлаач онцолсон. олон улсын төдийгүй дотоодын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн хандлага ч мэдээллийн технологи дээр суурилна гэдэг судалгааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас саяхан танилцуулсан нь үүний том баталгаа аж.

Чадварлаг ажилтнаа олшруулж, дижитал мэдлэгээ дээшлүүлбэл Монголд өрсөлдөх чадвараа ахиулах боломж байна.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *