Пуэрто-Рикогийн поп дуучин Луис Фонсигийн “Despacito” дуу youtube-ийн хамгийн өндөр хандалттай дуугаар шалгараад байна. Өчигдрийн 18 цагийн байдлаар “Despacito” 4971026718 буюу 4.9 тэрбум гаруй хандалттай явж байлаа. “Gangnam style” дуугаараа шуугиан дэгдээж К-поп урсгалыг дэлхий даяар сурталчилж чадсан БНСУ-ын дуучин PSY ч мөн адил 2012 онд ингэж шуугиан дэгдээж Канадын алдарт дуучин Жастин Биберыг ардаа орхиж байсныг хөгжим сонирхогчид мэднэ. “Gangnam style” дуу одоогоор 3.1 тэрбум хандалттайгаар youtube-ийн жагсаалтын дөрөвдүгээр байрт явж байгаа юм.
“Despacito” дуу өнгөрсөн оны нэгдүгээр сард youtube-т байршсан цагаасаа дэлхий нийтийг байлдан байгуулж, энэ дуу цангинаагүй газар, тосгон, гацаа, сонсоогүй хүн гэж бараг үлдээгүй байх.
Дуучин Луис Фонси реппер Дэдди Янкитай хамтран энэ дууг анх дуулахдаа ингэж дэлхийг байлдан дагуулна чинээ мөрөөдөх байтугай төсөөлөөгүй аж. Гарсан даруйдаа Латин Америкийг байлдан дагуулж бусад орны хөгжим сонирхогчдын анхааралд өртжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жастин Бибер “Despacito”-г Луис Фонси, Дэдди Янки нартай хамтран ремикс хувилбарыг нь дуулсан нь энэ бүтээлийг англи хэлээр ярьдаг орнуудад түгэхэд маш их хувь нэмэр оруулсан байна.
“Despacito” гэх латин үгийг англиар “Slowly” буюу “Удаан” хэмээн орчуулдаг юм байна. Дууны шүлэг нь янаг тачаангуй, эрэгтэй, эмэгтэй хүний нэгнээ хүсэмжилсэн өнгө аясыг илэрхийлсэн бөгөөд романтикаар, зөөлнөөр, удаанаар тэмүүлэх гэсэн өнгө аясыг илэрхийлэхдээ эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан утга агуулгыг гаргажээ.
Удаанаар…
Анхилхан хүзүүг чинь амьсгалаараа төөнөе
Амраг минь зөөлнөөр шивнээч
Чи надгүйгээр байж чадахгүй
Удаанаар…
Би чамайгаа удаанаар зөөлхөн үнсье
Хана, хэрмийг түшээд
Гоо сайхан биеийг чинь илбэхийг хүсэж байна
Дээш, дээшээ
Дээш, дээшээ
Чамайг үсээрээ наадан бүжихийг харахыг хүсэж байна
Аядуу зөөлөн хөдөлгөөн, хэмнэлийг чинь мэдрэхийг хүсэж байна
Хонгор минь чамайгаа дуу алдахад
Би нэрээ мартталаа мансуурсан байдаг
Удаанаар…
1996 онд “Макарена” дуу Billboard-ийн шилдэг 100 дууг тэргүүлснээс хойш уг жагсаалтад латин дуу багтаагүй байсан юм. Харин 21 жилийн дараа “Despacito” Billboard-д тэргүүлсэн нь латин дууны амжилтын буухиаг үргэлжүүлснээрээ онцлог.
Жил гаруйхан хугацааны дотор энэ дууны уран бүтээлчид олон шагналын эзэн болоод байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Америкийн хөгжмийн авардст гурван номинацид нэр дэвшиж хоёрт нь шагнал хүртсэн бол Грэмми авардс, Латин Америкийн хөгжмийн авардст тус тус гурван номинацид нэр дэвшиж, “Latin Grammy Awards”-ийн дөрвөн гол номинацийн шагналыг хүртсэн. Ингэснээр тус дууны уран бүтээлчид Америкийн дуу бичлэгийн холбооны “Diamond” шагналыг хүртсэн анхны Латин Америк хүмүүс болжээ.
Луис Фонси 2015 оноос хойш дорвитой бүтээл гаргахгүй, уран бүтээлийн ажил нь зогсонги болоод байв. Ингээд хамтран ажилладаг дуу бичлэгийн студийнхэндээ “Хүмүүс сонсоод л өөрийн эрхгүй даган дуулдаг тийм гоё дуутай болмоор байна. Их эвтэйхэн, эвлэгхэн хөдөлгөчихөөр аядуухан хэрнээ хэмнэлтэй хөгжилтэй дуу хийцгээе” гэж санал гаргажээ.
Панамын дуучин, ая зохиогч Эрика Эндэр яг түүний сэтгэлд нийцэх бүтээлийн санаагаа гаргаад, хөгжмийг нь сонсгохоор Майами дахь Луис Фонсигийн гэрт очжээ. Луис сонсонгуутаа “Үүнийг далайн эрэг дээр хийцгээе” гэжээ. Ингээд Фонси дууны дундуур реппер дуулуулах шаардлагатай гэж үзээд Дэдди Янкид интернэтээр санал тавьжээ. Ингэж “Despacito” дуу бүтэж Пуэрто-Рикод төдийгүй Латин америкчуудын сонсох дуртай дуу болжээ. Удалгүй дуугаа дүрсжүүлж улмаар youtube-т байршуулсан нь энэ дууг бүтээсэн уран бүтээлчдийг хагас жил хүрэхгүй хугацааны дотор алдартай хүмүүс болгосон байна. Луис Фонси “Энэ дуу латин хүмүүсийг аз жаргалтай гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан. “Despacito” дуунаас латин америкчуудын аз жаргал, эрч хүч, бас дур булаам тачаангуй, эрх чөлөөтэй байдал мэдрэгддэг” гэж тодорхойлжээ.
“Despacito” дуу 45 гаруй орны хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд дэлхийн олон оронд уг дууг янз бүрийн арга техник, хөгжмийн зэмсгээр амилуулсан. Монголчууд хүртэл ятга, морин хуураар “Despacito”-г тоглож интернэтэд байршуулаад байгаа билээ.
Youtube-ийн хамгийн их хандалттай клипүүд