Цэндийн Чимэддорж Монголын яруу найрагт нэгэн үзэгдэл байлаа. Түүний “Малчин”, “Сэлбэ”, “Цагаан зээр”-ээ омог бардам унших нь “Болор цом”-ын тайзан дээрх содон өнгө нь байсан болов уу. Дотроосоо гэрэлтэн бадарч, асан бадамлаж,долгиотсон гэзэг үсээ намируулж, ирлэсэн тонгорог адил хурц шүлгүүдээ дуудахад энгийн үзэгч олон байтугай найрагч нөхөд нь хүч авдаг байсан биз. Үгийн аялгуут чимээг мэдэрч, ид шидийн тарни мэт бурханлиг чанарыг нь таньж бүтээлээ туурвидаг байж шүү. Тиймдээ яруу найраг нь он он жилүүдийн босго давах амьтай, цаг хугацааны уртад үл бүдгэрэх үнэ цэнтэй, ард олны бодол оюунд ардын дуу шиг мөнхрөх шидийг олсон буй за. Ерээд оны эхэн болоод дунд үеийн “Болор цом”-ыг хэн хүнгүй дурсч, “үгүй ээ, мөн аатай болдог байлаа” гэнэ. Түүний цаана “Дэрэнгийн хар азарга” буюу хийморь лундаа нь үгийнхээ ид шидэнд, гэзэг үснийхээ торгон намианд цахилж явсан Чимэддорж найрагч байжээ гэх бодол төрдөг юм. Дөнгөтийн Цоодолыгоо “Миний муусайн найз нар”-аар хоёр дахиа түрүүлдэг наадамд мань хүн “Цагаан зээр”-ээ уншиж аман хүзүүдсэн байдаг. Тэр жилийн цомыг үзсэн хүмүүс “Чимэддорж найрагч цагаан зээр шүлгээ ар нурууны үс бостол зарайтал уншиж билээ” гэдэг. “Цагаан зээр” бол үнэндээ “зэвүүн” шүлэг л дээ.
“Хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж
Хэвгий заяа тэгшлэн сэрвээндээ галтай дүүлсэн
Мичин жилийн зуднаар хар зам татуулж
Мэнэнгийн их хээрээр хялгана сөрмөн цувсан
Шар талын
Шаналан
Ээрэм газрын
Энэлэн
Би цагаан зээр ээ.
Бүргэдийн сүүдэр дор янзага минь бөртийж
Бүхний нүдэн дээр яс минь хирдийж
Хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж
Хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад
Сүргээр нь авла энэ амьтныг гэж
Сүх шиг далайсан тушаалын
Гайтай хөөтэй үг болгон
Галт сумнаас урьтаж намайг оносон
Харлаг шөнөөр гэрэл тавихад нь
Хар саналгүй бүлтэгнэн дөхөхөд
Халуун тугалгаар дал хавсарч
Хагас амьтай минь тэвшин дээр чулуудсан
Газар хөдөлтөл дэргэдэг ооноо үгүйлэн
Ганц хоёроор, шаргачин хомоол үнэрлэн холхиж
Хядуулсан сүргийн минь бүгээн сүнс
Хялганат талдаа зүүдийтэл гэлдрэн
Шүүрхий мах шиг улаан номыг
Шөргөн, эврээрээ сэжлэн байхад
Хүний гарт орж хүзүүгээ мушгиулснаас
Хөх чонын хоол болсон минь дээр ээ
Би
Цуутай Дорнын цагаан зээр
Цусаа үзсэн улаан зээр ээ” гээд уншихад сонсч суугаа хүний оройн үс босолгүй яав гэж. Тийм л сонин мэдрэмжийг түүний шүлэг төрүүлдэг. “Малчин” ч ялгаагүй ээ. “…Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулаад мартав ч
Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан….
…Мал буянаа яаж адгуулан маллахыг
Марксизмаар ч заалгахгүй гээд хэлчихдэг…” хэмээн өөрчлөлт шинэчлэлт, шинэ цагийн салхи салхилсан цаг дор (1989 он) уншихад олны хөөрөл дээд цэгтээ хүрэлгүй хаачих билээ. “Малчин-гаараа цом авахад нь хөөрч догдолсон олон Соёлын төв өргөөний дээврийг хуу татах шиг болсон” хэмээн Аюурбуньяагийн Лхагва нэгэнтээ дурссан нь бий. “Болор цом эхлэх гээд байдаг. Миний шүлэг дуусч өгдөггүй. Мөнхтуяа загнаад. Одоо явж үз. Цаг нь болохоо байлаа.Цаад цом чинь эхэлчихлээ гээд бараг л хөөж туух дээрээ тулсан” хэмээн өгүүлж байсан. “Малчин” шүлгээ цом болох тэр өдөр гал тогооныхоо өрөөнд маналзуулсан хэрэг.
Ерэн гурван оны “Болор цом” наадмын дараа Цоодол, Чимэддорж хоёр Цоодол найрагчийнхыг зорьжээ. Идэр есийн тэсгим хүйтнийг үл анзааран хэн хэнийгээ сугадалцаад шөнө дүлээр явж байж. Цоодол нь “Миний муусайн найз нар” шүлгээрээ хоёр дахиа түрүүлчихсэн, цомыг нь Чимээ ах тэвэрчихсэн, цомын эзэн Янжинлхам бурханаа хуйлаад сугавчилчихсан. Жаахан халмаг явсан нь мэдээж. Тэгтэл Чимээ нь “Цоодол ах аа, энэ миний гол уу” гэж асуусан байна. “Тийм ээ. Өнөөх чинь мөн дөө” гэхийн зэрэгцээ “Болор цом”-ын шагналд ирсэн цөөнгүй хэдэн төгрөгийг нь халааснаасаа гаргаж цацчихсан байдаг. Маргааш нь “Яана аа, ах минь. Сэтгэл хөдлөөд хамаг мөнгийг чинь өргөчихөж. Одоо очвол байгаа болов уу” гэж асуусан хоржоонтой түүх бий. “Миний гол уу” гэдэг нь Сэлбэ шүү дээ.
“Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно
Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино
Агсал буурал Туултайгаа хатирч л бэлчирлэдэг усан
Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгэнэ…
…Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ
Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа
Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы
Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна
Улаан голоор чинь урсаж байгаа
Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа
Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтны хөлд гутаж байгаа
Уулсынхаа элгэнд хярж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Шидмэс шиг гол нэг л үүрээр
Шивнээ нь тасарч амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ
Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг
Тогтоож ч чадалгүй уурга чиргүүлэн алдсан байж
Зэм халдаамгүй Алтайн цаадах
Зэрэглээ залгилсан халтар говийн
Бидэрээ гээтэл цалгилах эмнэг хуланг тогтоох юм гэнэ
Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа…
Дээгүүр чинь тэгнэх гүүрний хоёр ногоон арслан
Дэргэдүүрээ өнгөрөх болгоноос усаа харамлаж архирах юм
Чулуун арслангаас өөр өмөөрөх эзэнгүй юм бол
Чухамдаа энэ чинь тэгээд хэний гол юм бэ” хэмээн адарч, түшмэдээс ам асууж бас л шуугиан тарьсан. “Майга”, “Дэрэнгийн хар азарга”, “Адарсүрэн”, “Элсэн тасархай”. Түүний шүлэг бүхэн нь шуугиан байлаа. “Дэрэнгийн хар азарга” гэснээс нэг зүйл ер мартагддаггүй. Хөдөөх сургуулийн дунд ангийн сурагч ахуйдаа сонины тасархай дээрээс “Би эхнэрээ Дэрэнгийн хар азаргатай харддаг” гэсэн гарчиг бүхий бичвэрийг уншаад ихэд гайхаж билээ. Эхнэрээ азаргатай харддаг хүн бас байдаг юм байнаа гэх ухааны бодол төрж, хэсэгтээ л алмайрч хоцорсон сон. Эргээд бодох нь ээ, Чимээ ах л байхгүй юу. Мань хүн гэргийгээ өөрөө өөртэйгөө харддагаа хэлсэн хэрэг. Ерэн найман оны зун шүлэг найргаар өвчилж явахдаа Чимэддорж найрагчийн “Тэнгэрийн наадам” номыг нэвчтэл уншиж, морьдын тухай шүлэг бүрийг цээжилчихсэн тууж явсан.
“…Дуранд өртөлгүй торж өнгөрөх
Дуулианы мананг урж өнгөрөх
Дурдатгалын цагаан хаяаг шууж өнгөрөх
Дутуу орхисон дууг гүйцээж өнгөрөх
Хасаанд буусан зандан шагай
Халтар бүргэдийн салхин жигүүр…” гээд л түүний морины шүлгүүд цээжинд минь хадгалагджээ. Сүрэнхорын домогт хээр азарганы тухай
“…Харваж шатсан од шиг түмэн эхийг бодохоор
Хамаг бие минь эгшин цусгүй болчих шиг санагдах юм
Хат ханасан туурай нь хэт цахиур юм сан
Халтар угалзтай дэл нь аргалын гал юм сан
Хадагтай алтан магнай нь хээр нар юм сан
Хазаарын солионоос төөрөг хол адуу сан
Адгаж хөөрсөн наадамчдын зөрсөн загас шиг хүрээнд
Адуундаа л ирж байгаа юм тааваараа давхиад орсиймсон…” гээд уншихад шүлгийнх нь ирэнд автсаных уу, өөрийн эрхгүй хүч сэлбэх шиг болдог сон. Сонин хэвлэлийн зах бараадахдаа сэтгэлд ойр байсан уу, хамгийн анх Чимээ ахаас ярилцлага авсан. Мэдээж “араажав” дээр нь очиж уулзсан. Бичгийн машиныхаа ард, Адараагийнхаа зурагны наана манай хүн гэзэг үсээ намируулаад сууж байв. “Адараатай хундага тулгаагүй хүнийг хохь чинь гэж хэлнэ” хэмээх гарчигтай тэр яриандаа би их хайртай. Сүүлд Соёлын гавьяат болоход нь мөн л яриа хөөрөө ундруулж, “Өдрийн сонин”-доо гаргасан. “Дэрэнгийн хар азарга ингээд сүлдтэй найрагч болдог юм байна” гээд гавьяатын тэмдгээ илбэн байна. Мөн л Адараагаа дурсаад. Түүний энгэрт тэртээ ерээд онд гялалзах энэ тэмдэг явж явж надад ирлээ ч гэх шиг. Тэрээр “Болор цом”-д арван жилийн зайтай хоёр түрүүлсэн. Би есийн тоог бэлгэшээдэг, түүний нэгэн илрэл бол 89, 99 оны “Болор цом” гэж байв. Хоёр дахиа магнайлахдаа
“Хөгнөхаан, Батхаан хоёр их уулсын дунд
Хөл хүндтэй хатад шиг бадаг бадаг элс
Харлаг торлог бурантагласан халуун элс
Эмгэн харганатай бөхийсөн Элсэн тасархай
Газрын заадас шиг энэ элс
Тэнгэрийн заадал руу нурж буйлсан
Галав элээсэн алтан бүргэдэс
Тэмүүжиний хөсөгтэй нүүж буусан
Морь болгон нь тамгатай
Монгол газрын тасархай…” хэмээн уншсан юм. Тийнхүү хорьдугаар зууны сүүлч, хориннэгдүгээр зууны зааг дээрх “Болор цом” хоёр их уулын дунд нурж буйлсан Элсэн тасархайд тогтож билээ. Тэр жил мань хүн Пушкинтай хундага тулган, хэдэн хүүхнээ өмөөрч, “Монгол бүсгүйн өвөрт морьтойгоо давхиж орсон, Монголынхоо шарыг тайлчихаад монхойтол яваад өгсөн, миний муу Адарсүрэн” хэмээн хайлж байлаа.
Нямбуугийн Нямдорж найрагчийн “Онон хатан ижий” наадмыг зорих замд Хэрлэн мөрний хөвөөн дээр Ламжавын Мягмарсүрэн анд нь “Манай Чимээ бол аатай найрагч. Залуучууд нэг л сайхан үнэлэхгүй байна уу даа. Гэхдээ цаад чинь баргийн юмыг тоохгүй том амьтан” гэж аминчлан хэлж байсан. Мягаа ахын тэр үг надад олон зүйлийг бодогдуулдаг. Учир утгагүй, нэг их сүрхий “изм” ярьж хэлбэрдсэн утга зохиолын залуу үеийнхэн найрагч ахыг сэрүүн тунгалагт нь тэр бүр ойлгоогүй шиг, зүгээр л улс төрийн хийрхэл бичсэн, хөдөөний малчдаа өмөөрөн дуулсан найрагч мэтээр ойлгож байсан үе бий. Гэвч тэр бол жинхэнэ яруу найрагчийн тавиланд төрж, булгийн эх ундарга адил билэг авьяас нь багтаж ядан асгарч, үгийн ид шидийг амилуулан, буйлуулан, авьяас мэдрэмжээрээ “зодож” шүлгээ бичдэг найрагч байлаа. Хүнийхээ хувьд зүгээр л хайлан байсан нь найрагч нөхдийнх нь, шавь нарынх нь дурсамж дурдатгалаас харагддаг. Чимээгээ уулсаа дэрлээд удаагүй байхад Ойдовын Содномпил нь, радиогийн Дамбын Шаагаа нь, гарынх нь шавь А.Лхагва нь, Чермоны Дагмидмаа нь эмхэлж “Төгөлдөр” хэмээх дурсамжийн, “Есөн намрын зээргэнэ” шүлэг найраглалын чуулганыг нь ботилон хэвлүүлсэн. Монголын радиод хамт ажиллаж, сэтгэл сэтгэлийнхээ гэгээ, шүлэг найргийнхаа аялгуунаас алхам ч холдолгүй нөхөрлөж явсан Цэрэнжамцын Дашдамба тэргүүтний дурсамжийг уншаад нүдэндээ нулимстай хэд хоног явж билээ. “Юу? гэж дуу алдсанаа хоолой нь зангираад явчихав. Тэгж гэнэт зангирч, бөглөрөх хүн биш дээ, гэргий минь. “Байнаа, за” гэснээ утсаа нааш өгч байна. Хацар дээгүүр нь нулимс бөмбөрч харагдав. Чимээ маань… гээд таг. Үгээ гүйцээх тэнхээгүй болжээ…Манай Мөнхтөр ярьж байна. Яагаав, “Ургацын далай”-гийн. “Зөөлөн зөөлөн замбуулин”-гийн. Чимээг тэнгэрт хальсныг дуулгав. Зөөлөн дуу нь ниргэх шиг. Юу вэ, энэ орчлон чинь. Очиж очиж… Шөнө утас дугарах аймаар. Тэр жил яалаа. Өндөр Баяраа, Мөөгий, аав…ойр дотнынхоо хүмүүсийг энэ орчлонг орхисныг утсаар анх дуулж, хүний нутгийн тэнгэр дор ганцаараа уйлж чаддагүйг амсаж эдэлсэн хүнд шөнө дунд утас дуугарах аймаар” гэж Дашдамба найрагчийн нулимст дурсамж эхэлдэг. Үргэлжлээд амины ганц охин Мөнхжингийнх нь дурсамж хөвөрдөг.
“Яг одоо таныхаа хөргийг хараад, орны тань хажууд үзгээр чинь энэ хэдэн үгсийг нийлүүлж ядан сууна. Энэ бүхэнд итгэхийг хүсэхгүй хэрнээ хийж байгаа үйлдэл минь үнэн гэдгийг хатуухан хэлэх юм. Зургийг чинь харахаар хэзээ мөдгүй ирчих юм шиг, хөдөө томилолтоор явчихсан ч юм шиг, орой ажлаасаа том хар цүнхээ бариад ороод ирэх юм шиг, өглөө нүдээ нээхэд толины өмнө хувцсаа өмсөөд хөндлөн зогсчихсон, үсээ шидлээд “За аав нь ямар байна, Төгөлдөр үү” гэж асуух юм шиг…” гээд цааш нь уншихад бэрхтэй зүрх зүссэн үгс үргэлжилдэг юм.
Адуутай найрагчийнд тэр жил шалдан оюутан очиж том өрөөг нь эзэгнэн, газраар нэг цацагдсан шагайнууд, ханаар нэг эгнэсэн номнуудынх нь дунд унтсанаа яахин мартах билээ. Зүгээр ч очоод амарчихаагүй ээ. Хоёул Төмөрхадуур докторынд өөрийнх нь хэлснээр дөрөө харшуулан бууж, орой үдэш тэднийхээс гаран араажав орж, ажлынх нь шүүгээнээс гэргийгээсээ нууцлан хадгалсан тав арван төгрөгийг нь авч, ганц “юм” ганзагалаад орсон. Морины тухай шүлгүүдийг нь цээжээр уншихад “алив чи байж бай. Би хураанаа, баримтжуулна” гээд араажавынхаа Р7 аппаратыг хэдийнэ гаргаж ирээд пажигнуулчихсан сууна. Энэ мэт тэнгэрлэг найрагчийн тухай, багтаж ядсан авьяас билгийнх нь тухай, монгол ахуй нэвт шингэсэн шүлэг найргийнх нь тухай өгүүлээд барахгүй. Бичсэн шүлэг бүхэн нь уяа нь ханасан морь шиг иртэй байдаг. Өөрөө бол шүлгээ уншихдаа нэг хөлөн дээрээ өрөөлдөж зогсоод, өлмий дээрээ бүжих мэт тийм л донж маягтай уншдаг байсныг хэн хүнгүй мэднэ дээ. Он цаг улирах тусам Чимэддоржийн найраг үнэ цэн нь тодорч, Монголын яруу найрагт эрдэнийн чулуу адил гэрэлтэх биз ээ.
Н.ГАНТУЛГА