Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Дэмпингийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.05.05/ өргөн мэдүүллээ.
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод “Аж үйлдвэрийн салбар нь өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл мөн” гэж тодорхойлсон.Монгол Улс 2015 онд дэлхийн 148 улстай худалдаа хийснээс 69 улсад бараагаа экспортлож, 145 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон дүнтэй байна. Монгол Улсын олон улсын гэрээ тухайлбал, ДХБ-ын хэлэлцээрүүд, зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг бий болгож байна хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Дэмпингийн тухай хуулийн төслийг 9 бүлэг, 40 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд уг хуулийн төслийн 4.1.1-д зааснаар “дэмпинг” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж байгаа барааны үнэ экспортлогч орны зах зээлийн үнээс доогуур байхыг ойлгохоор тусгасан байна. Мөн энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч хэлсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан дагалдаж “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.