Categories
мэдээ цаг-үе

ДЭМБ: Омикроноос өөр хувилбарууд гарах магадлалтай

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Covid-19-ийн омикрон хувилбар эцсийн хувилбар биш, цаашид өөр хувилбарууд ч гарч ирэх магадлалтай гэж мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан улс орнууд өвчний хүндрэл, нас баралтын түвшнийг бууруулахад анхаарч, цогц стратеги баримталж ажиллах нь зүйтэй гэжээ.

Бээжинд Covid-19-ийн омикрон, дельта хувилбараар хавсран өвдөж буй хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Бээжингийн өвлийн Олимпийн наадам эхлэхэд гурван долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Covid-19-ийн тархалт эрчимжиж байгаа нь болгоомж дагуулж буй юм. БНХАУ хүн амынхаа 90 орчим хувийг вакцины бүрэн тунд хамруулжээ.

Япон улсад шинэ төрлийн Covid-19-ийн халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Тус улсын Засгийн газраас Токио болон бусад бүс нутгуудыг өнөөдөр (2022.01.21)-өөс эхлэн гурван долоо хоногийн хугацаатай онц байдлын дэглэмд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж байна. Түүнчлэн Токио хот үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоохоор хэлэлцэж буй ажээ.

Дэлхий даяар Covid-19-ийн халдварын нийт тохиолдлын тоо 334.9 саяд хүрч, нас барсан хүний тоо 5.5 сая давав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Дэлхийн эдийн засгийн форумд цахимаар оролцож хэлсэн үгэндээ дараачийн цар тахалд бэлтгэхийг уриалжээ. Тэрбээр “Бид мониторинг хийх, эрт илрүүлэх, орон бүрт шуурхай ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хөрөнгө оруулж, ДЭМБ-ын нэр хүндийг өсгөхийн тулд дараачийн цар тахалд бэлтгэх ёстой” гэж хэлсэн байна.

ДЭМБ энэ оны дунд үе гэхэд дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн стратегиа зарласныг Гутерриш дурджээ. Тэрбээр “Бид эдгээр зорилгод хүрэх яагаа ч үгүй байна. Энэ нь ичгүүртэй бөгөөд өндөр орлоготой орнуудад вакцинжуулалтын үзүүлэлт Африкийн орнуудынхаас долоо дахин дээгүүр байна. Бид бүр одоо вакцин хуваарилалтын асуудалд шударга хандах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Мөн “Бүх орон, бүх үйлдвэрлэгч COVAX хөтөлбөрийн дагуу вакцин нийлүүлэлтэд нэн тэргүүнд анхаарал хандуулж, тест, вакциныг бусад оронд үйлдвэрлэх ажил болон дэлхий нийтийн эмчлэх аргыг дэмжих ёстой. Биднийг энэ цар тахлаас гаргахын тулд эмийн компаниуд лицензи, ноу-хау болон технологи солилцох замаар, хөгжиж буй орнуудтай эв санаа нэгтэй байх нь бидэнд хэрэгтэй” гэж онцлон хэлсэн байна.

Эх сурвалж: WHO, XINHUA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *