Коронавирусны халдварыг хэдхэн минутанд илрүүлэх оношлуурын хүртээмжийг бага, дунд орлоготой орнуудад нэмэгдүүлнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.
Таван ам.долларын үнэтэй оношлуур нь эмнэлгийн ажилтнууд, лабораторийн дутагдалтай, орлого багатай орнуудад халдварын тархалтыг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой байна. Оношлуурын үйлдвэрлэгчидтэй байгуулсан гэрээний дагуу зургаан сар гаруйн хугацаанд 120 сая оношлуурыг түгээнэ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус энэ явдлыг чухал үйл хэрэг хэмээн тодорхойлжээ.
Шинжилгээ хийхээс хариу гарах хүртэл хугацаа урт байгаа нь халдварын тархалтыг хянахад олон оронд хүндрэл учруулж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Энэтхэг, Мексик зэрэг халдвар их тархсан орнуудад шинжилгээнд хамруулалтын түвшин бага байгаа тул халдварын тархалтын талаарх үнэн бодит мэдээлэл гарахгүй байгаа гэнэ.
“Шинэ, зөөвөрлөх хийгээд хэрэглэхэд хялбар оношлуур” нь одоогоор хэдэн цагаас хэдэн өдрийн хооронд гарч буй хариуг 15-20 минутын дотор гаргана гэж Т.Гебрейесус даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн аж. Түүний мэдээлснээр, “Abbott”, “SD Biosensor” эм үйлдвэрлэгч компани Билл, Мелинда Гейтсийн хандивын сантай 120 сая оношлуур үйлдвэрлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь халдвар хамгийн их тархсан Латин Америкийн орнууд тэргүүтэй 133 орныг хамарчээ.