БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх улсад зөвлөмж өглөө.
“Цаашид вирусний халдвар аль ч улсад тархах эрсдэлтэй байна. Тиймээс бүх улс тархалтыг тогтоон барих арга хэмжээ авахад бэлэн байх ёстой” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Олон улсын эрүүл мэндийн журмын хүрээнд нэгдүгээр сарын 22-23-нд хуралдсан.
ДЭМБ-аас БНХАУ-ын хувьд халдварын тархалтад тавих хяналтаа, ялангуяа Хятадын Шинэ жилийн баярыг тэмдэглэх үеэр чангатгаж, халдварын тохиолдлыг илрүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлэхийг зөвлөсөн байна. Үүнээс гадна, халдварын тархалтыг тогтоон барихын тулд иргэдийн эрүүл мэндийг бэхжүүлэх, гарах үр дагаврыг нь багасгах арга хэмжээ авах, мөн өвчний тархалтыг судлах, шинэ коронавирусний халдварын эх уурхайг олж тогтоох судалгааг хийхэд ДЭМБ болон түншүүдтэйгээ хамтран ажиллахыг зөвлөжээ.