“Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ жил Монгол Улс 8 дахь удаагаа “Илрүүлье, эмчилье” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээнд оролцохоор манай улсад ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан шадар ерөнхий захирал Рэн Минхуй ирээд байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын Газар ба Дэлхийн хепатитын хөтөлбөрийн Дарга Др.Готфрид Хирншол, Хепатитын хөтөлбөрийн багийн ахлагч Др.Марк Бултерис, Номхон далайн баруун бүсийн ХДХВ, БЗДХ, Хепатитын хөтөлбөрийн зохицуулагч Др Наоко Ишикава, Хепатитын мэргэжилтэн Полин Чан, Такеши Нишижима, ДЭМБ-ын Хэвлэл мэдээллийн менежер Н.Оюунтунгалаг нар багтжээ.
Тэднийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас вируст хепатиттай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, бусад улстай манай улс туршлагаасаа хуваалцах боломжийг олгож байгаа ДЭМБ-ын удирдлага, Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесус болон, Шадар ерөнхий захирал Танд талархал илэрхийлье. Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа халдварт өвчний тархалт, өвчлөлийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танд цогц мэдээлэл өгөх зорилгоор бид Таныг халдварт өвчний чиглэлээр үндэсний хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг, яамны харьяа ХӨСҮТ-д зочлуулахаар төлөвлөсөн. Тэнд та Төвийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл авч, Сүрьеэгийн Үндэсний Лавлагаа Лаборатори, ХДХВ/ДОХ-той өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг Улаан тууз эмнэлгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй боловсруулсан Халдварт өвчин судлалын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцох болно” гэлээ.