Categories
мэдээ цаг-үе

ДЭМБ: Дэлхийн бүх хүн хортой агаараар амьсгалж байна DNN.mn

зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) агаарын чанарын шалгуур үзүүлэлтээ чангатгаснаас хойш зургаан сар орчмын дараа шинэ тоо баримтууд багтаасан судалгааны тайлангаа өчигдөр танилцуулжээ.

Уг тайланд өгүүлснээр манай гарагийн хүн амын 99 хувь стандартын шаардлагад нийцэхгүй агаараар амьсгалж байгааг тогтоосон байна.

Хамгийн муу агаарын чанартай бүс нутгийг Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнууд тэргүүлж, Зүүн Өмнөд Ази, Африкийн орнууд удаалжээ.

“Хэдийгээр хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсан ч агаарын бохирдлын улмаас жил бүр урьдчилан сэргийлэх боломжтой 7 сая орчим нас баралт, тоо томшгүй олон өвчлөлтэй хэвээр байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй баримт юм” гэж ДЭМБ-ын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын тэргүүн, доктор Мария Нейра мэдэгдсэн байна.

2018 онд хамгийн сүүлд шинэчлэгдэж байсан тайланд энэ удаа уламжлалт PM2.5, PM10 тоосонцрын хэмжилтүүдээс гадна агаар дахь азотын давхар ислийн хэмжилтийг анх удаа нэмж оруулсан юм.

Азотын давхар исэл нь төрөл бүрийн түлш шатаасны үр дүнд агаарт дэгддэг бөгөөд хот суурин газруудад хамгийн түгээмэл бүртгэгддэг. Уг бодис хүний биед нэвтэрснээр амьсгалын замын төрөл бүрийн өвчнийг хүндрүүлдэг байна.

ДЭМБ агаарын чанарыг сайжруулахын тулд шатаадаг түлшнээс аль болох түргэн салж, цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг улс орнуудын эрх баригчдад уриалжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *