Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ДЭМБ-аас ХӨСҮТ-ийн хэрэгцээнд хувийн хамгаалах хувцас нийлүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсад титэм вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдэгдлээ.

Харин дэлхийн хэмжээнд БНХАУ-аас гадна 23 орон өвчлөл бүртгэгдсэн байна. Шинээр долоон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь Вьетнам, Герман, Энэтхэг, Тайвань зэрэг хотод гарчээ. Уг халдвараар өвчилсөн тус улсын иргэд Ухань хотод зорчоод ирсэн аж.

Титэм вирусийн халдвар ихэвчлэн дархлал суларсан, өндөр настай, суурь өвчтэй хүмүүст халдварлаж байгааг ДЭМБ-аас мэдээллээ.

Энэ удаагийн хурал Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг оролцож мэдээлэл өгөв.

Манай улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын яам, Консулын газраас БНХАУ-д тархсан титэм вирусийн голомтын бүсд хамаарахгүй нутгаас эх орондоо буцан ирэх хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Нэгдүгээр сарын 28-наас хойшхи хугацаанд Монгол Улсын 5200 иргэн өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирээд байна. Одоогоор Эрээн хотод байгаа манай улсын 150 иргэн эх орондоо буцах хүсэлтээ Консулын газарт өгсөн. Эдгээр иргэнийг хилээр нэвтрүүлэх, нутаг буцаах ажлыг өнөөдөр явуулж байгаа аж.

Хилийн чанадад байгаа иргэдийг Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газартаа бүртгүүлэхийг уриаллаа. Ингэснээр мэдээ мэдээллийг шуурхай хүргэж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

Дашрамд мэдээллэхэд Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын хилийг хэсэгчлэн хаах шийдвэр гарсан.

Ингэхдээ Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргасан.

Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлэх бол гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Харин бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэдэг шийдвэр гарсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *