Австралийн эргүүдэд сайн чанарын коксжих нүүрсний спот үнэ 320-330 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн пүрэв гаригт гэхэд 314 ам.долларт хүрч, гангийн Steel Index индекс 4.6 хувиар өссөн мэдээ цацагдсан юм. Австралид болсон хар шуурганаас үүдсэн өсөлт одоогийн байдлаар 330 ам.долларт хүрсэн, цаашид ч өсч мэднэ гэж ажиглагчид дүгнээд эхэлчихэж.
АНУ-ын экспортлогчдын коксжих нүүрсний үнэ ч гэсэн 300 ам.доллар хүртэл өссөн мэдээлэл байна. Дэлхийн зах зээлд 2011 оны хоёрдугаар хагасаас хойш коксжих нүүрсний үнэ ийм түвшинд өсч байсан удаагүй. Өнгөрсөн жилийн сүүлчээр нүүрсний үнэ огцом өссөн ч 300 ам.доллар шүргэж байснаа өнгөрсөн сард эргээд 160 орчим ам.доллар болж буурсан юм. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний үнэ ердөө ганц сарын дотор хоёр дахин нугарч өсөөд байна гэсэн үг. Энэ удаа Австралиас Ази-Номхон далайн бүсэд нийлүүлдэг 11-12 сая тонн нүүрсний нийлүүлэлт гацаанд орсон нь үнэ ийм түвшинд өсөхөд нөлөөлөөд байна. Австралийн эргийн төмөр зам, дэд бүтцүүд эргэн сэргэхэд сар орчмын хугацаа зарцуулагдана, нийлүүлэлт эргэн сэргэнэ гэдэг утгаараа энэ үнийн өсөлт тийм ч удаан үргэлжлэхгүй. Гэхдээ Австралийн нийлүүлэлт тасалдсан энэ үеийг бусад орны нийлүүлэгчид сайн ашиглаж байна. Байгаль орчны асуудлаас болж уурхайнуудынхаа тоог цөөлөх бодлого баримталж байгаа БНХАУ-ын нүүрсний импорт нэгдүгээр улиралд нэмэгджээ.
2016 оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар нэмэгдэж, 64.71 сая тонн нүүрс импортолсныг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээс харж болно.Урд хөршийн Засгийн газар дотоодын хэт олборлолтоо хязгаарлах бодлогоо үргэлжлүүлсээр байгааг дээр дурдсан статистикаас харчихаж болно. Дашрамд дурдахад металлургийн нүүрсний хэрэглээ жилдээ 300 сая тонноор хэмжигддэг аж.
Харин Хятадтай хил залгаа оршдог, үнийн өсөлтөөс хамгийн их ашиг хүртэх боломжтой манай улс энэ боломжийг ашиглаж огтхон ч чадсангүй. Ашиглаж чадахгүй байсаар нүүрсний үнийн богино хугацааны өндөр өсөлтийг алдах нь тодорхой болчихлоо. 2011 оны Австралийн үерийн дараа манай төр засгийн албаны хүмүүс болон төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс “Энэ удаа боломжийг ашиглаж чадсангүй. Үнэ уналттай байх үеийг ашиглаад Таван толгойгоос дэд бүтэц, төмөр замаа тавина, нүүрс баяжуулах үйлдвэр барина, тэгээд дараа үнэ өсөхөд бүх юм бэлэн сууж байх болно” гэж дээр дооргүй ярьж, амлалт үүрэг авч байсан ч харамсалтай нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд юу ч амжуулсангүй. Төмөр зам барьсангүй, нүүрс баяжуулах үйлдвэрээ босгосонгүй, бахь байдгаараа шороон замаар сайн чанарын түүхий нүүрсээ гаргаж ашиг биш алдагдал үүрээд сууж байна. Ийм учраас дэлхийн зах зээлд үнэ яаж ч өссөн бидэнд “наалдах” юм байхгүй.
“Чалко”-гийн өр дууссан сайн мэдээ бий. Гэхдээ Цанхийн дөрөвдүгээр давхаргын хамгийн сайн чанарын нүүрсээ маш хямдаар гаргасан хэвээр байгаа юм. Ийм өсөлттэй үед сорчилж авсан сайн чанарын нөөцөө ченжүүдэд зүгээр шахам өгсөөр байна. Нүүрсийг дэлхийн зах зээлийн жишгээр угааж баяжуулж, нэгдсэн стандартаар гаргавал одоо гаргаж байгаа дөрөвдүгээр давхаргын сайн чанарын нүүрс хэд дахин баяжиж, үнэ хүрэх боломжтой. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 330 гарсан энэ үед “Эрдэнэс Таван толгой”-н зүүн Цанхи буцаад нээгдсэн ч 57 орчим, ерөнхийдөө 60 хүрэхгүй доллараар үнээ тохирсон сураг мэдээлэл байгааг онцолъё. “Чалко”-гийн өр дууслаа, одоо дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарна гэж удирдлагууд нь албан ёсоор мэдэгдсэн ч одоогоор байдал ийм л байна.
“Coal Mongolia” чуулга уулзалтыг манайхтай хамтран зохион байгуулахаар болсон БНХАУ-ын нүүрсний салбарын мэдээллийн хамгийн том бааз суурьтай “Фенвей” компанийн удирдлага саяхан “Монгол Улс нүүрсний их нөөцтэй ч төмөр зам байхгүй, хил гаалийн зохицуулалт муу учраас байгаа хүчин чадлынхаа тал хувийг ч ашиглаж чадахгүй сул талтай. Бид Монголын нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн түвшинд хүргэх чиглэлд хамтран ажиллахдаа баяртай байна” гэж байв. Энэ бол хятадууд өөрсдөө хүртэл нүүрсээ үнэ хүргэж чадахгүй суугаа монголчуудыг гайхаад эхэлсний наад захын жишээ л дээ.
“BDSEC” компанийн шинжээчийн хийсэн судалгаанаас харахад манай улсад энэ оны нэгдүгээр улиралд нүүрсний үнэ тонн нь 66.52 ам.доллар байж. Дэлхийн зах зээлийн үнээс хамгийн багадаа 40 хувь доогуур гэж тус компанийн шинжээчид онцолсон байна лээ. Үнэнийг хэлэхэд 66.52 ам.доллараас ч бага ханшаар бид нүүрсээ зарж байсан. Үнэ тэнгэрт цойлсон энэ өдрүүдэд ч үүнээс бага тоо хэлж, хэлэлцэж суугаа нь нуух юмгүй гашуун үнэн. 66.52 гэсэн тоог “Энержи ресурс”-ын угааж баяжуулсан нүүрсний өндөр үнэтэй дунджилж гаргасан гэх тайлбарыг “BD¬SEC” компанийн шинжээчид хийсэн байсан. Бусдаас мөнгө гуйж суугаа энэ өдрүүдэд зарж буйгаасаа ахиу мөнгө олох боломж уг нь нүүрсэнд бий. Таван толгой төслөө зөв хөдөлгөвөл энэ жилдээ нүүрснээс овоо доллар босгох боломж бийг эдийн засагчид онцолсоор байна.
Зэсийн хувьд олборлолт ихэссэн гэх мэдээлэл байна. Олон улсын зэсийн судалгааны группийн тайлангаас харахад зэсийн олборлолт 5.3 хувь буюу нэг сая тонноор өсч 20.16 сая тоннд хүрсэн аж. Перу, Канад, Индонези, АНУ, Мексикийн уурхайнуудын үйл ажиллагаа, хайгуул өргөжсөн нь олборлолт ингэж нэмэгдэхэд нөлөөлж. Зэсийн олборлолт ихэссэн учраас үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт одоогоор алга.
Алтны тухайд 1300 дөхөж эхэлсэн нь энэ зах зээл өнгөтэй явааг илтгэж байна. Олон улсны зах дээр алтны үнэ 1295 ам.долларт хүрээд байгаа юм. Энэ бол сүүлийн хагас жилээр харвал хамгийн өндөр үнэ.