Сүүлийн үед эрчим хүчний үнэ нэмэгдээд байна, их мөнгө төлөөд байна гэсэн гомдол хаа сайгүй үзэгдэх болсон. Айл өрхийн хувьд үнэхээр л төлж байснаасаа илүү төлдөг болоод тодорхой хугацаа өнгөрч байгаа. Угаасаа үе шаттайгаар эрчим хүчний үнийг нэмсэн. Мэргэжлийн хүмүүс харин Монголд хамгийн хямд эрчим хүч хэрэглэдэг гэдэг. Харин одоогийн нөхцөлд хэрэглэгч аль болох хэмнэлт хийвэл цахилгааны төлбөртөө бага мөнгө өгөөд байж болохоор санагддаг. Хамгийн наад зах нь эрчим хүчинд хэмнэлттэй гэрлийн чийдэн хэрэглэх хэрэгтэй байна л даа. Бидний хэрэглэж заншсан улайсдаг чийдэн гэхэд ашигтай үйлийн коэффициент тун бага. Цахилгаан их зарцуулахаас гадна амархан шатдаг гээд өндөр зардалтай. Харин сүүлийн үеийн гэрлийн чийдэнгүүд эрчим хүчинд тун хэмнэлттэй. Энгийн улайсдаг чийдэнгээс бараг арав дахин бага цахилгаан зарцуулна, дахиад төдий хэмжээний удаан эдэлгээтэй. Бас илүү тод, хурц гэрэлтэй.
Орон сууцанд амьдардаг нэг айлд дунджаар зургаагаас найман чийдэн байдаг гэж үзвэл бараг нэг улайсдаг чийдэнгийн зарцуулдаг цахилгаанаар гэрээ тэр чигээр нь гэрэлтүүлэх нь. Айл өрхүүд гэлтгүй СӨХ-нууд ч энэ тал дээр анхаараад үзэхэд гэмгүй. Дээрээс нь байнга шахуу асаалттай байдаг телевизор, хөргөгч, плиткээ эрчим хүчний хэмнэлттэйг сонговол танай өрхийн төсвөөс багагүй мөнгө хэмнэгдэнэ. За тэгээд өнжөөд нэг угаалгын машинаа ажиллуулаад байвал цахилгаан тэр хэрээр л гүйнэ. Үнэхээр их мөнгө төллөө гээд харамсаад байгаа бол энгийн өдөр тутмын хэрэглээгээ багахаан хянаад, дээрээс нь ухаалгаар хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглээд байвал асуудал шийдэгдчихэж болох л юм. Дэлхийн улс орнууд тэр чигээрээ ухаалаг хэмнэлттэй хэрэглээнд шилжээд байгаа шүү дээ.
Я.БАЯРБААТАР