Англид аль гурван зууны тэртээ дотоодын арьс шир, ноосны салбарыг хамгаалах арга хэмжээ авснаар дэлхийн аж үйлдвэржилтийн эрин эхэлж байв. Англичууд гадагшаа ноос, арьс шир гаргахгүй гэсэн хатуу шийдвэр гаргаж үйлдвэрлэл эхлүүлсэн нь өнөөгийн хүчирхэг Их Британийн хөгжих шалтгаан болсныг дэлхий мэднэ. Америкийн анхны Сангийн сайд А.Хамильтон 1791 онд хамгаалах шаардлагатай шинэ салбаруудын жагсаалтыг баталсан нь Америкийн эдийн засгийн ганхахааргүй суурь болсон гэдэг. Өнөөдөр ч ялгаагүй. Дэлхийн худалдааны байгууллага гэхэд л дотоодын зах зээлийг гадаадын хямд бүтээгдэхүүн нийлүүлж унагаахаас сэргийлэх дэмпингийн эсрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг. Цаашлаад яривал далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын зах зээлийг хамгаалах алхмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцээр, дүрэм, заавар өчнөөн бий. Энэтхэг, Филиппин зэрэг улсууд Дэлхийн худалдааны байгууллагын журмуудыг ашиглан өөрийн үйлдвэрлэгчдээ Хятадын бензин, ган, төмөр, бусад төмөрлөгийн бүтээгдэхүүнээс хамгаалсан хүчтэй арга хэмжээ авч суурь үнэ, өндөр тариф, нөхөн олговор зэргийг хэрэгжүүлэх жишээний.
Хямралын үеэр улс орнуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид эхлээд дотоодын зах зээл, ажлын байраа хамгаалах арга хэрэглэдгийг нотолсон ийм жишээ олон. Бүр protectionism гэсэн нэршилтэй. Үгчилж орчуулбал хамгаалах бодлого гэсэн утгатай. Энэ бодлогын нэг хэсэг нь тодорхой хязгаарлалт, урамшууллыг хослуулж дотоодын үйлдвэрлэгчээ гадаад өрсөлдөөнөөс хамгаалах арга аж. Дэлхийн улс орнуудын түүхээс анзаарахад голдуу эдийн засгийнхаа шинэ салбарыг хамгаалсан бодлого хэрэгжүүлсэн байдаг гэж судлаачид хэлдэг. Энэ бодлогын нэршил нь “Infant industryprotection”. Энгийнээр бол дөнгөж бий болж байгаа шинэ салбар өчнөөн жилийн түүх, туршлагатай гадаадын салбарын хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй учраас төрөөс нь бодлогоор дэмждэг гээд ойлгочихож болно. Ямар ч үйлдвэрлэл анх эхлэхдээ үнэ нь өндөр, чанар нь гадаадаас орж ирж байгаа бүтээгдэхүүнээс доогуур, технологио гартаа оруулаагүй гэх мэт бэрхшээлтэй нүүр тулдгийг аль ч улсын жишээнээс харж болно. Ийм салбарыг төрөөс татвар бууруулах, үнэ тогтоох, татаас өгөх маягаар дэмжсэн жишээнүүд өчнөөн. Эсвэл гадаадын бүтээгдэхүүний импортын тарифыг өндөр болгох замаар тэнцүү гараанд өрсөлдөх боломжийг олгодог.
Хямралын энэ үед бид дэлхийн улс орнуудын барьдаг бодлогыг хэрэгжүүлж чадаж байна уу гээд харахаар ажил болсон зүйл лав алга. Наад захын жишээ гэхэд газрын тосны салбар байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн нефтийн үнийн огцом хямдрал монголчуудад өнөөг хүртэл мэдрэгдсэнгүй. Хэрвээ дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй байсан бол нефтийн хямдрал бидэнд жинхэнэ утгаараа мэдрэгдэх учиртай байв. Саудын Арабын газрын тосны дэмпингээс болж буй бензин дэлхийн үнийн уналтаас дотоодын зах зээлээ хамгаалах, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг Их Британи, АНУ-д аль хэдийнэ хэрэгжүүлж эхэлжээ. 2005 оноос эхэлсэн Америкийн хямд занарын тос, хий дэлхийн хэрэглээний томоохон хувийг эзэлж эхэлмэгц саудууд олборлолтоо огцом нэмэгдүүлж, хямдаар нийлүүлснээр зах зээлээ буцаан авч байна. Хариуд нь “Economist”, “Forbes“ зэрэг Америкийн томоохон сонин сэтгүүлүүд занарын хувьсгалаа хамгаалъя гэцгээх болсон. АНУ-ын Конгресс ч зүгээр суугаагүй. Занарын тос, хийн судалгааг улсын төсвөөс илүү хэмжээгээр санхүүжүүлэх зэргээр шинэ салбараа дэмжиж буй. Харин Их Британид дотоодын үйлдвэрлэгчдээ шууд дэмжихээсээ илүү гадаадын хямд бензин түлшний тарифыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.
Монголын хувьд дотооддоо бензин түлш үйлдвэрлэдэггүй, гадаадын бүтээгдэхүүн зах зээлийнх нь 95 хувийг эзэлдэг газрын тосны үйлдвэрлэлийн салбарыг дэмпингээс хамгаалсан бодлого өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Тийм учраас огцом унасан нефтийн үнийн бууралт амьдралд буухгүй байгаа хэрэг. Уг нь Дарханы газрын тосны үйлдвэрийг япончуудтай хамтарч барина гэж өчнөөн жил ярьсан. Эцэст нь ажил болоогүй. Занараас газрын тос гаргах үйлдвэр барья, өчнөөн нөөцтэй учраас дотоодын зах зээлээ хямд үнэтэй шатахуунаар хангах бүрэн боломжтой, бид хөрөнгөө гаргаад занараас шатахуун үйлдвэрлэе гэж Америкийн “Шэйл ойл”-ынхон хэдэн жилийн өмнөөс л дуугарсан. Бас л ажил болоогүй байгаа.
Уг нь төрөөс хоёр жилийн өмнө газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор орж ирэх технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас таван жилийн хугацаатайгаар чөлөөлсөн хууль гарсан. Гэсэн хэр нь татвараас чөлөөлөгдөх төслүүд, тоног төхөөрөмжийн жагсаалтууд одоо хүртэл батлагдаагүй байна. Газрын тосны тухай хууль жилийн өмнө батлагдсан хэрнээ хууль дагаж гарах учиртай журам нь өнөөдрийг хүртэл таг чиг байгаа. Наад захын жишээ гэхэд л занар зэрэг уламжлалт бус газрын тосны асуудал хуульд туссан ч зохицуулах журам нь батлагдахгүй байгаа учраас хайгуул ашиглалтын ажил явуулах, хөрөнгө оруулах боломжгүй сууцгааж байна. Занар дээр Америкаас гадна Францын компани ч хөрөнгө оруулъя гэж буй. Монголын компаниуд ч хөрөнгөө гаргаж судалгааны ажлаа хийчихсэн байгаа. Ядаж л баталсан хуулийнхаа журмыг гаргаж, газрын тосны салбарынхаа үйлдвэрлэлийг дэмжээд өгвөл хямралын үеэр барих зөв бодлогын нэг болмоор санагдах юм.
Ц.Баасансүрэн