“Forbes” сэтгүүл энэ оны дэлхийн хамгийн баян 10 хүний чансааг гаргажээ. Энэ жил дэлхийн хамгийн баян тэрбумтнуудын жагсаалтын эхэнд нэгэн шинэ хүн орсон нь “Louis Vuitton Moet Hennessy” группийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Бернард Арно байв. Түүний араас Илон Маск, Жефф Безос нар оржээ.
“Forbes” сэтгүүл “Өнгөрсөн он манай гаригийн 2640 тэрбумтнуудын ихэнхийн, тэр дундаа тэргүүлэгчдийн хувьд уналтын жил байлаа” гэж онцолжээ. Тус сэтгүүлээс өнгөрсөн мягмар гаригт гаргасан Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад дэлхийн хамгийн баян 25 хүний нийт хөрөнгө 2022 оны 2.3 их наяд доллараас 200 тэрбум доллароор буурч, 2.1 их наяд ам.доллар болсон гэдгийг онцолж “Шилдэг 25-ын гуравны хоёр нь өмнөх жилийнхээс ядуу болсон бол нийт баячуудын тал орчим хувь нь урд оноос ядуурсан” гэж бичжээ. Тухайлбал, “Амазон”-ы хувьцаа 38 хувиар унаснаар Жефф Безос хамгийн их мөнгөө алдсан хүн болж, Безосын хөрөнгийг 57 тэрбум доллароор бууруулан 2022 онд дэлхийн хоёрдугаар байрнаас энэ жил гуравдугаарт оруулсан байна. Энэ жилийн хоёр дахь том “ялагдагч” Илон Маск, “Тесла”-гийн хувьцаагаа зарж Твиттерийг өндөр үнээр худалдан авсныхаа дараа дэлхийн хамгийн баян хүн гэсэн цолоо алдаж, хөрөнгө нь 39 тэрбум доллароор буурч чансааны хоёрдугаарт бичигдэх болсон байна. Иймээс энэ жилийн тэргүүлэгчээр тансаг зэрэглэлийн барааны аварга “LVMH” компанийн тэргүүн Бернард Арно тодорчээ.
Тэрбээр өнгөрсөн онд 53 тэрбум долларын орлого олсон нь ямар ч тэрбумтнуудаас илүү үзүүлэлт бөгөөд анх удаа баячуудыг чансааг тэргүүлсэн байна.
Испанийн жижиглэнгийн худалдаачин Амансио Ортега (+17.7 тэрбум доллар), “Bloomberg LP”-ийг үүсгэн байгуулагч, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг (+12.5 тэрбум ам.доллар), Мексикийн харилцаа холбооны магнат Карлос Слим Хэлу(+11.8 тэрбум доллар)гэх мэт “Шилдэг 25”-ын найман гишүүн л 2022 оны зэрэглэлээс хойш илүү баяжиж чадсан юм байна.
Г.АМАРСАНАА