АНУ-ын “Powerball” хонжворт сугалааны азтан өчигдөр тодорч Калифорни мужийн нэг иргэн ганцаараа $2.04 тэрбумын шагналыг хожихоор болжээ. Нэр нь одоогоор тодорхойгүй байгаа азтан нэг дор $997.6 саяыг бэлнээр авах, эсвэл бүрэн хонжвороо 29 жилийн турш цувуулж авах хоёр боломжоос сонголтоо хийх юм.
Азын сугалааны дугаар 10, 33, 41, 47, 56, 10 гэсэн зургаан тооноос бүрдэж байжээ. Энэ нь 292.1 саяд нэг тохиох аз юм байна. Азын сугалааны тасалбарыг Калифорни мужийн Лос-Анжелес дүүргийн Пасадена хотоос хойд зүгт 8 км зайтай оршдог Алтадена дахь үйлчилгээний төвөөс худалдаж авчээ. 2.04 тэрбум долларын хонжвор нь дэлхийн ямар ч сугалааны түүхэнд байгаагүй өндөр шагнал юм.
АНУ-ын сугалааны хонжворын өмнөх дээд амжилт 2016 онд тодорсон “Powerball”-ын 1.59 тэрбумын шагнал байжээ. Гэхдээ энэ шагналыг Калифорни, Флорида, Теннесси мужийн гурван азтан хувааж авч байсан юм байна.
Г.АМАРСАНАА