Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансаанд Монголын 25 сургууль багтжээ

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхтэй зэрэгцээд “Дэлхийн боловсролыг Монголд” гэсэн чихэнд чимэгтэй өгүүлбэртэй зар сурталчилгаа цацагддаг болоод уджээ. Эхэндээ ч “Дэлхий хаяагүй л хавтгай болж байхад Монгол яагаад бөмбөрцгийн боловсролыг олгож болохгүй гэж” хэмээн сэтгэл хангалуун сонсдог байлаа. “Дэлхийн шилдэг 100-д манайхаас тэртэй тэргүй багтахгүй, бусадтай нь бол эн зэрэгцэнэ үү гэхээс дордохгүй. Манайх Орос школтой юм чинь” гээд санаа амар явдаг байсан хэрэг л дээ. Гэтэл дэлхийн их, дээд сургуулиудын дэлгэрэнгүй чансаа гэж байдгийг сонсоод олж үзсэний дараа манай их дээд сургуулиуд олон улсын анхааралд илүү өртөх боломж байгааг анзаарлаа.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын танилцуулга, эрэмбэ чансааг нэгтгэсэн сэтгүүл хоёр жил тутам хэвлэгддэг юм байна. Гэхдээ тэр сэтгүүлд үсрээд л эхний 100, 200 сургууль багтах учир Монголын сургуулиудыг олж үзэх боломжгүй. Харин их, дээд сургуулиудын чанар чансааг судалдаг Европдоо анхных нь гэх CSIC байгууллагын Webometrics.com цахим хаягаар орж үзвэл маш дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.

Дэлхийн шилдэг 23 мянган их, сургуулийн чансаа, дэлгэрэнгүй мэдээлэл багтсан энэхүү цахим хуудасны багтаамж үнэхээр баялаг юм. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансааг энэ жил Харвардын их сургууль тэргүүлжээ. Чансааны эхний зургаан сургууль нь АНУ-ынх байгаа нь жаахан “фантаазтай” санагдсан ч гэсэн чансаа тогтоох арга барилтай нь танилцсаны дараа манай сургуулиуд ч дээгүүр эрэмбэлэгдэх боломжтойг анзаарсан юм.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансаанд Монголын 25 сургууль багтжээ

Чансаанд манай 25 их, дээд сургууль орсноос МУИС хамгийн дээд буюу 3125 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн жил МУИС энэ чансаанд 4116 дугаарт байсан бөгөөд жилийн дотор мянга шахам байраар ахижээ.

Дөрвөн жилийн өмнө манай улсаас зургаан сургууль эхний 12 мянга дотор багтаж (МУИС 3991, ШУТИС 7851, ХҮДС 8663, ОУДС 9200, СЭЗДС 10374, МУБИС 11288 дугаарт) байв. Тэгвэл энэ жил зургаан сургууль эхний 8000 дотор орсны дотор орон нутгийн Ховд их сургууль 5363 дугаарт эрэмбэлэгдсэн байв. Харин нийт жагсаалтад 25 сургууль багтсан байна.

Чансааг ажиглаж байхад, дэлхийн улс орнууд хөгжлийн төвшин буурай ч бай, дор хаяж нэг сайн их, дээд сургуультай байх бодлого баримталдаг нь харагдав. Манайхтай хөгжлийн төвшин ойролцоо, “хөгжиж буй” гэсэн ангилалд багтдаг 70 орны талаас илүү нь эхний 2000 дотор дор хаяж нэг сургуультай байх жишээтэй. НҮБ-аар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж амжаагүй Палестины 18 сургууль жагсаалтад бичигдсэнээс “An Najah National University” (2091) тэргүүтэй дөрвөн сургууль МУИС-аас дээш чансаатай байх юм.

Энэ чансааны гол ач холбогдол нь жагсаалтад бичигдсэн нэрс дээр дараад тухайн сургуулийн албан ёсны цахим хуудас руу холбогдох боломжтойд оршино. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнцөг булан бүрт суугаа элсэгчид энэ хуудаснаас мэдээлэл авч, орох сургуулиа сонгодог байна. Монголд ирж суралцахыг хүссэн гадны оюутнууд юун түрүүнд тухайн сургуулийн цахим хуудасны идэвхитэй байдлыг харж, тэндээс төрсөн анхны сэтгэгдэл нь сонголт хийхэд нөлөөлдөг гэсэн үг юм.

Юун түрүүнд, чансааг тогтоохдоо интернэт орчинд нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан гаргадаг нь гол онцлог. Тэгэхээр, энэ чансаанд бичигдэхийн тулд тухайн сургууль юун түрүүнд цахим хуудастай байх ёстой болж таарч байна. Түүндээ багшлах боловсон хүчний чадамж, санхүүгийн тогтовортой байдал, олон улсын идэвхи, сургалтын байр, материаллаг бааз гэх мэт бусад мэдээллийг маш дэлгэрэнгүй оруулж, идэвхитэй хөтлөөд CSIC-тай холбогдчиход судлаач нар нь анализ хийгээд чансаанд эзэлбэл зохих байранд нь тавьчихдаг гэж ойлгосон. Цахим хуудастаа сайн, сайхан мэдээллээ цаг алдалгүй оруулаад, гадна дотны харилцаа энэ, тэр гэсэн чухал булангуудаа “завгүй” байлгаад байхад чансаа тогтоогчдын хараанд өртөх магадлал өндөр гэсэн үг. Хэдийгээр энэ нь өнгөц судалгаа мэт боловч бусад улс орны их, дээд сургуульд элсэхийг хүсэгчдийн цугларах цэг гэдэг утгаараа манай сургуулиуд эхний ээлжинд заавал жагсаалтад багтах ёстой юм. Чансаа ахиулах нь дараагийн асуудал. Өнөөдөр манай улсад бакалавраас дээш зэрэг олгодог 90 их, дээд сургууль, коллеж бий. “Дэлхийн боловсролыг Монголд” гэсэн уриалга үнэхээр л үнэн юм бол дээрх сургуулиуд ядаж цахим хуудсаа нээчих хэрэгтэй байна. Тэгээд англи хэлээр хөтөлбөдг болчихвол боломж нэмэгдэнэ.

CSIC-ийн чансаанд БНСУ-ын их, дээд сургуулиуд багтаагүй. Үүнийгээ “Ихэнх сургуулиуд нь хоёр цахим хуудастай байдаг, англи хэл дээр мэдээлэл бага оруулдаг зэрэг нь судалгаа бодитой гарах магадлалыг бууруулж байгаа учраас” гэж тайлбарласан байна лээ. Тэгэхээр манай сургуулиуд энэ тал дээрээ анхаарахад илүүдэхгүй болов уу.

Дараагийн ээлжинд, МУИС тэргүүтэй дөнгүүр сургуулиудынхаа байр суурь, чансааг ахиулах нь чухал. МУИС-ын хувьд, жилийн дотор 1000 байр урагшилна гэдэг чамгүй амжилт боловч академик боловсрол олгодог чанар чансааг нь бодолцвол эхний 2000 дотор байх л ёстой.

“Улсын” гэгдэх сургуулиудад төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага байна. Дэлхийн жишгийг харвал, үүсгэн байгуулагч нь 51-ээс дээш хувийн санхүүжилтийг хийдэг, удирдах эрх мэдэлд ч энэ харьцаагаа барьдаг. Оюутны зөвлөл, багш нарын зөвлөл 49 хувийн эрх мэдлээ эдэлж чаддаг. Гэтэл манайд улсын сургуулиуд 92 хувь, хувийн сургуулиуд 100 хувь оюутны сургалтын төлбөрөөс санхүүждэг хэрнээ оюутны төлөөллийг ТУЗ-д оруулдаггүй, оруулсан ч нэр төдий байлгадаг. Тэгсэн мөртлөө үүсгэн байгуулагчид эрх мэдлийг 100 хувь атгадаг гээд дэлхий “ойлгохгүй” зүйлс олон байдаг нь чансаа тогтооход нөлөөлж байгаа нь зайлшгүй. Бид дээд боловсрол олгодог 90 гаруй сургуультай, энүүхэндээ өөрсдийгөө болгоод байж чадаж байгаа мэт боловч сургуулиудын тоог цөөлж, чанаржуулж байж гаднаас оюутан татаж чадна. Гадаадаас оюутан татаж чадахгүй бол тэр сургууль дэлхийн боловсрол өгч чадахгүй байгаагаас ялгаа юу билээ.

“CSIC”-ийн дэлхийн чансаанд багтсан Монгол сургуулиуд /Хаалтад өнгөрсөн жилийн чансааг бичив/:

3126 /4116/ Монгол улсын их сургууль

4220 /5410/ ШУТИС

5363 /6791/ Ховдын их сургууль

5696 /11039/ ХААИС

5780 /14815/ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

7644 /13072/ МУБИС

13035 /14114/ Олон улсын Улаанбаатарын их сургууль

17157 /14105/ СЭЗДС

17178 /16102/ MIU их сургууль

17721 /16309/ Хүмүүнлэгийн ухааны их сургууль

18298 /15894/ СУИС

19525 /19163/ “Их засаг” их сургууль

19726 /23518/ “Идэр” их сургууль

20151 /18487/ Отгонтэнгэр их сургууль

20440 /19337/ “Хүрээ” их сургууль

20725 /18133/ Удирдлагын академи

21192 /20265/ “Мандах бүртгэл” дээд сургууль

21938 /19899/ “Орхон” Их сургууль

22738 /19837/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сургууль

23453 /19519/ Монгол дахь Америкийн их сургууль

23587 Төрийн өмчит Улаанбаатар их сургууль

24265 /21359/ Тээврийн дээд сургууль

24392 /21607/ “Их Монгол” дээд сургууль

26149 /22870/Рояль академи

26479 Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *