Categories
мэдээ спорт

Дэлхийн шилдэг гандболчин Ш.Тэмүүжин эх орондоо ирээд байна

Унгарт төдийгүй дэлхийн шилдэг гандболын тамирчдын нэгд зүй ёсоор нэрлэгдэх болсон, Монголын гандболчин Ш.Тэмүүжин Унгар улсаас эх орондоо ирээд байна.

Тэрбээр өнөөдөр /2019.06.11/ футзалын ордонд өсвөрийн баг тамирчдын хамтарсан бэлтгэлд оролцох юм. Мөн МҮОНРТ, Ийгл ТВ-д зочны ярилцлагад орж, МҮОХ-нд айлчлах зэрэг аяллын богино хөтөлбөрт уригджээ.

Ш.Тэмүүжин /Schuch Timuzsin/ 1985 оны зургадугаар сарын 5-нд төрсөн, одоо 34 настай. Тэрбээр 197 см өндөр, гандболын багийн “пивот” байрлалд довтлон тоглодог. Шигшээ болон клубийн багтаа 5 дугаарыг эзэмшдэг. Ш.Тэмүүжин Унгар улсын гандболын үндэсний шигшээ багийн /2006 оноос/ болон “Ференцварош” клубийн харьяалалд /2018 оноос/ багтдаг юм. Түүний аав унгар, ээж нь монгол хүн юм. Тэр 2004 оноос эхлэн Унгарын гандболын “Весзпрем” багийн хүүхдийн академид суралцаж, 19 насандаа мэргэжлийн багтай гэрээ байгуулж, 1 жил тоглон Унгарын лигийн аварга болж байв. Улмаар залуу тоглогчийг туршлага суулгах үүднээс Риняминти багт зээлээр тоглуулжээ.

Унгарын үндэсний шигшээ багт орж 2012 оны Лондоны олимпын наадамд шагналт IY байрт шалгарч байсан юм. Мөн 2005 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медаль хүртэж байв. Унгарын шигшээ багт багтаж Европын аварга шалгаруулах 2010, 2012, 2014, 2016, 2018 оны таван удаагийн тэмцээнд оролцжээ. Гандболын ДАШТ-д 2011, 2013, 2017, 2019 онд 4 удаа Унгарын шигшээ багийн үндсэн гарааны бүрэлдэхүүнд багтан тоглосон байна.

Румын улсын “Динома” клубт легионер тамирчнаар ажиллан 2009, 2010 оны гандболын лигийн аварга болсон. Улмаар 2011-2018 онд өөрийн унаган баг “Весзпрем” багт тоглохдоо Унгарын үндэсний лигийн аваргаар 7 удаа /2005, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онд/ тодорч, улсынхаа гандболын холбооны цомын тэмцээнд 6 удаа /2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онд/ түрүүлжээ.

Тэрбээр Унгарын “Весзпрем” багт тоглох хугацаандаа Европын Гандболын холбооны аваргуудын лигт оролцож 2012-2013, 2014-2015, 2015-2016 онд Европын аваргуудын лигийн шилдэг хамгаалан тоглогчоор 3 удаа шалгарсан Европ тивийн болон дэлхийн шилдэг тоглогчдын нэг юм.

Ш.Тэмүүжин тив, дэлхийн болон Унгарын олон мянган гандбол сонирхогчдын сэтгэл зүрхийг татсан шилдгийн шилдэг тамирчин болж чадсан бөгөөд түүнийг Лондонгийн олимпын наадамд амжилттай оролцосны дараа 2012 онд Унгарын төрийн дээд одон медалиар шагнасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *