Categories
мэдээ спорт

Дэлхийн оюутны спортын өвлийн наадам цуцлагдлаа

Олон улсын оюутны спортын холбоо “FISU” даваа гаригт “Омикрон” хувилбарын тархалтын улмаас арванхоёрдугаар сарын 11-21 өдрүүдэд Швейцарын Люцерн хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн 2021 оны өвлийн Универсиад наадмыг цуцлах шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ.

Олон улсын оюутны спортын холбооны гүйцэтгэх хороо болон “Люцерн-2021″ өвлийн Универсиад наадмын удирдах зөвлөлийн хамтарсан мэдэгдэлд “Зохион байгуулагч Швейцар улсын Засгийн газар “Омикрон” хувилбарын тархалт бүртгэгдсэн орнуудаас зочин хүлээн авахыг хориглох шийдвэр гаргасан. Улмаар 2021 оны Дэлхийн оюутны спортын өвлийн наадмыг бүр мөсөн цуцлахаас өөр аргагүй болсон явдалд гүнээ харамсаж байна” гэжээ.

Харин Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Леонз Эдер энэ талаар “Люцерн-2021 өвлийн Универсиад наадамд оролцохоор бэлтгэж байсан тамирчид, баг тамирчдаа илгээхээр зэхэж байсан дэлхийн улс орнуудын Оюутны спортын холбоод болон наадмыг тэсэн ядан хүлээж байсан үзэгч, төлөөлөгчдөөс гүнээ уучлалт гуйж байна. Ийм шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хэдий зайлшгүй нөхцөл байдлын улмаас арга хэмжээг цуцлахаас өөр сонголтгүй болсон ч Люцерн 2021 өвлийн Универсиад наадмыг зохион байгуулахад бүх зүрх сэтгэлээ зориулсан зохион байгуулагчид болон оролцогчдод чин сэтгэлээсээ спортын эв нэгдэл, талархал илэрхийлье” гэсэн юм.

Улмаар “Омикро” хувилбарын тархалтаас шалтгаалан “Люцерн-2021″ өвлийн Универсиад наадам цуцлагдсанаар 2022 оны хоёрдугаар сарын 4-22 өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах XXIV удаагийн өвлийн олимпын наадмыг хойшлуулах, эсвэл бүрмөсөн цуцлагдах талаар эргэлзээ бий болоод байна.

ОУОХ болон “Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын зүгээс одоогоор вирусийн шинэ мутацийн тархалттай холбоотойгоор ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *