Categories
мэдээ нийгэм спорт

Дэлхийн оюутны спортын ХХХ Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчид бэлэн болжээ

Италийн Наполи хотноо 2019 оны долдугаар сарын 03-14-ний хооронд болох Дэлхийн оюутны спортын ХХХ Универсиад наадамд Монголоос оролцох баг тамирчдыг үдэх ёслол боллоо.

Энэхүү тэмцээнд байт харваа, буудлага, жүдо, таеквондо, теннис, усан спорт, ширээний теннис гэсэн долоон төрлөөр нийт 33 тамирчин, 13 дасгалжуулагчийн хамт оролцох юм. Энэ жил МОСХ-ны түүхт 30 жилийн ойн өдөр тохиосноороо онцлог болж байгаа аж. Монголын тамирчид 21 дэх удаагаа оролцохоор ийнхүү бэлтгэл хангажээ. Зуны Универсиад наадмаас нийтдээ 53 медаль авснаас алт-11, мөнгө-16, хүрэл-16 медалийг есөн төрлөөс хүртжээ. Энэ жил амжилтаа улам ахиулах зорилготойгоор МУИС-ийн төв номын санд тамирчидтайгаа уулзаж зөвлөгөө өгсөн юм.



Тус тэмцээнд оролцох гэж буй МУИС-ийн нэгдүгээр курсын оюутан М.Ундрам: “Ширээний теннисээр хичээллээд есөн жил болж байгаа. Энэхүү тэмцээн нь оюутнуудын хамгийн том тэмцээн. Сургуульд орохоосоо ч өмнө энэ тэмцээнд орно гэж шаргуу бэлдсэн. Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байж энэ тэмцээнд оролцох эрхээ олж авсан. Үеийнхэнтэйгээ болон ах, эгч нартайгаа мөр зэрэгцэн явж байгаадаа сэтгэл их өндөр байна. Цуг оролцож байгаа тамирчдадаа бүгдээрээ шагналт байранд ороорой л гэж хэлмээр байна” гэлээ.

У.УРАНБИЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *