Categories
мэдээ нийгэм

Дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид Монголд чууллаа

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн найм дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа 2018 оны зургадугаар сарын 11-15-ны өдрүүдэд болж байна.

Уг уулзалтын ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, зохион байгуулалтын талаар Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн нар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн наймдугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгч, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын хурлын Зочид, төлөөлөгчид “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор таван өдрийн турш чуулах бөгөөд даян дэлхийн түвшинд, Берлиний ногоон долоо хоног болон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 23 дугаар их хурлаар тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДДМААХ-ийн оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэнэ. Бүс нутгийн болон үндэсний түвшинд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бэлчээрийн мал аж ахуйн оруулах хувь нэмэр, ач холбогдол, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй энэ цаг үед нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй сорилт, түүнийг даван туулах арга замын талаар нухацтай авч үзэх аж.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллага, улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институц зэрэг дэлхий даяар 104 гишүүн байгууллагатай.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох, хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, хуурай газрын экосистемийг хамгаалах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг зорилт тусгагдсан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь уг хөтөлбөрийн гол зорилго юм. Энэ ч үүднээс хүнсний болон тэжээлийн аюулгүй байдлыг хангах, малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжих, тэдэнд эдийн засгийн боломж олгох, байгалийн нөөцийг зохистой ашиглах дадалд сургахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид Монголд чуулж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *