Бүтэн жилийн туршид дэлхийн хэвлэл мэдээллийн төвд байж хэрүүл маргаан шүүх цагдаа хөшигний ар дахь хуйвалдаан зэрэг түмэн бэрхшээлийг туулсны эцэст Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (ОУХХ) шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Итали гаралтай, Швейцарийн иргэн 45 настай Жанни Инфантино хоёр дахь тойргийн сонгуулиар 115 сонгогчийн санал авч ОУХХ-ын ес дэх удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдон 2019 он дуустал дэлхийн хамгийн баян олон нийтийн байгууллагыг удирдах эрхтэй боллоо.
Жанни Инфантино Швейцарьд 1970 оны гуравдугаар сард төрсөн, эхнэр гурван хүүхэдтэй, өмгөөлөгч мэргэжилтэй, итали, испани, франц, англи, герман, араб хэлээр чөлөөтэй харьцдаг, 2000 онд Европын хөлбөмбөгийн холбооноо ажилд орж шат ахисаар хамгийн сүүлд холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад нэр дэвшсэн, “бөөрөнхий” хочтой халзан эр билээ. Хөлбөмбөг сонирхогчид санаж байгаа бол Европын элдэв төрлийн томоохон тэмцээнүүд эхлэхийн өмнөх сугалааг энэ нөхөр тогтмол удирдаж явуулдаг байсан шүү дээ. Цэцэн цэлмэг үг хэллэгтэй, сугалаанд оролцож байгаа бүх хүнтэй өөрийнх нь хэлээр түгдрэлгүй ярьсан “панийлтай” эр л харагддаг байж билээ. Инфантиногийн хувьд Европын холбооноос нэр дэвшүүлсэн, элдэв хахууль авлигад нэр нь холбогдож байгаагүй харьцангүй цэвэрхэн “мөртэй”, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь энгийн бөгөөд бүгдэд ойлгомжтой байсан гэх мэт чанарууд нь ялах үндэслэл боллоо.
Эхний шатанд нэр дэвшсэн таван хүнээс 50-иас дээш хувийн санал авах хүн гарсангүй. Инфантино 88, Бахрейны шейх Салман 85 хүний санал авсан нь үлдсэн гурваасаа харьцангүй илүү байсан тул тэр хоёрын дунд хоёр дахь шатны санал хураалт зарлажээ. Уг нь хууль ёсоороо бол санал өгөх эрхтэй 207 холбооны талаас илүүгийнх нь эерэг хариуг авсан нь ялагч болох ёстой юм. Ингээд хоёр дахь санал хураалтаар Жанни Инфантино 115 оноо авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Санал хураалтын өмнөх саруудад ялах магадлал өндөртэйгөөр нь Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч шейх Салманыг нэрлэж байсан. Гэвч тэр сонгуулийн явцад хэд хэдэн алдаа гаргасан нь саналаа алдах нөхцөл боллоо гэж үзэж байна. Эдгээрт сонгуулийн үеэр нисч эхэлсэн элдэв цуурхлууд, тухайлбал Английн хэвлэлүүдээр нэлдээ цацагдсан мэдээнүүд буюу Бахрейны ардчилсан үзэлтэй тамирчдыг гадуурхаж шоглодог байсан гэх цуурхлууд, тохиролцооны тэмцээнүүдийг ивээн тэтгэсэн гэх мэт асуудлууд нь хэдий худал ч гэлээ зарим нэг хүний саналыг урвууллаа. Хамгийн гол алдаа нь түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бөгөөд түүнд нь хөлбөмбөгийн тоглох цагийг 90-ээс 60 минут болгон багасгах, сүүлийн үеийн шинэ технологийг бүрэн дүүрэн ашиглах, ОУХХ-ын дотоод бүтцийг огцом өөрчлөх гэх мэт хэтэрхий амбиц дагуулсан асуудлууд байсан нь тэртэй тэргүй өөрчлөлтөд дургүй ОУХХ-ы хөгшчүүл 20 жил хаанчилсан ерөнхийлөгчөө сольж “гэгээрээд” байхад дахиад цаашилсан, “шунасан” алхам болж харагдаж байлаа. Харин Инфантино тэгсэнгүй. Түүний мөрийн хөтөлбөр тун энгийн ойлгомжтойгоос гадна хүрэх цэг нь харагдаж байсан нь гишүүдийг татсан гэх юм.
Тэрэн дотроос манай Монголд хамаарагдах хэсэг ч байна. Жишээ нь өөрийгөө санхүүжүүлж чаддаггүй ядуу буурай холбоодууд жилдээ 250 мянган ам.долларыг замын зардалд нэхэж авах эрхтэй болох нь. Дөрвөн жилд нэг удаа таван сая ам долларыг ийм холбоонууд авахаас гадна тивийнхээ конфедерацид хуваарилагдах 40 сая ам.доллараас ч гэлээ өөрт оногдох хэсгээ “гуйж” болох боломжтой болж байгаа ажээ.
Хамгийн гол нь тэр ДАШТ-ий шигшээд шалгарах багийн тоог 32-оос 40 болгон нэмэх болно гэсэн нь хүмүүст их таалагдсан гэх юм. Ингэснээр үзэгч жуулчдын тоо нэмэгдэж зар сурталчилгаанаас олох орлого нэмэгдэнэ гэж тайлбарлав. Түүний тооцоолж байгаагаар дээрх 40 “суудал”-ыг Европт 14, Африкд долоо, Азид зургаа, Өмнөд Америкт тав, талбайн эзэнд нэг, Далайн орнуудад нэг, КОНКАКАФ-д тав гээд үлдсэн нэг эрхийг нь үзүүлсэн амжилтаас нь шалтгаалан “хэн нэгэнд бэлэглэх” юм байна.
Анхандаа огтхон ч ерөнхийлөгчийн сэнтий рүү “мөлхөж” байгаагүй Инфантино өөрийнхөө босс Мишель Платиниг хахуулийн хэрэгт орооцолдон найман жилийн туршид хөлбөмбөгийн үйл хэрэгт оролцох эрхээ хасуулснаас хойш өөрөө “хаан” болохоор шийдэн богино хугацаанд тэмцсэн нь ийнхүү үр дүнгээ өглөө. “2020 он гэхэд би ерөнхийлөгч хэвээрээ байх уу үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хэлж чадах зүйл маань тэр хүртэл дэлхий даяар хөлбөмбөгийг цэцгэлэн хөгжүүлэхэд чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулна, тэгээд дараачийн сонгуульд өрсөлдөнө гэдэг санаа минь билээ. Намайг нэр дэвшиж ялалт байгуулахад дэмжсэн, боломж олгосон, ер нь миний төлөө хийсэн бүхнийх нь төлөө Платинид баярлалаа. Гэхдээ намайг Европоос дэвшсэн энэ тивийн хүн гэж битгий ойлгоорой. Би бүх дэлхийд өөрийгөө Европоос бус хөлбөмбөгөөс нэр дэвшсэн хүн гэдгээ батлан харуулах болно” хэмээн тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялж индэр дээр гаран ОУХХ-ы жинхэнэ “босс” болсон анхны мөчдөө хэллээ.
Д.Бат-Эрдэнэ