Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагт 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр террористууд халдаж байлдааны онгоцоор мөргөсний улмаас нурсан билээ. Энэ явдлаас хойш 13 жилийн дараа буюу уржигдар Дэлхийн худалдааны төвийн шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Уг байшинг найман жил барьж, 3.8 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Ихэр барилгын оронд барьсан цамхаг нь 104 давхар, 541 метр өндөр аж. Зураг төслийг нь архитекторч Ти Жей Готтесдайнер гаргасан бөгөөд Америкийн хамгийн өндөр байшингаас гадна хамгийн аюулгүй нь гэнэ. Одоогийн байдлаар тус байрны 60 хувийг түрээслүүлэхээр гэрээгээ байгуулчихаад байгаа аж.
Нью-Йорк хотыг дээрээс нь харах зориулалтаар дээврийг нь засч тохижуулах юм. Энэ ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх бөгөөд хөрөнгө оруулагчид үүгээр зарлагаа нөхөх гэнэ. Дээврийг тохижуулах ажлыг “Legends Hospitality” компани гүйцэтгэх бөгөөд хотыг дээрээс харах гэсэн хүмүүс нь ойролцоогоор 23 ам.доллараар тасалбар худалдан авах гэнэ. 2019 он гэхэд тус байрны 95 хувийг түрээслүүлж чадвал нэг жилд зөвхөн түрээсийн мөнгө нь 144 сая ам.доллар болох юм байна.