Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авч эндсэн хүний тоо нэг сая давлаа. АНУ-ын Нью-Йоркт халдварын тархалт огцом нэмэгдэж байна.
Мьянмарт энэ сард халдварын тархалт эрчимжиж, тус улсын Засгийн газар хотууддаа эмчилгээ, тусгаарлах төвүүд барих шийдвэр гаргаад байна.
Өмнөд Африкийн Лесото улс энэ пүрэв гарагаас Өмнөд Африктай хилээ хэсэгчлэн нээхээр шийдвэрлэсэн байна. Мөн Өмнөд Африк аравдугаар сарын нэгнээс хилээ эргэн нээхээр төлөвлөжээ.
Их Британид “COVID-19”-ийн тандалтын аппликейшнийг 10 сая гаруй хүн татаж авсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Энэтхэгт халдварын тохиолдол 82.7 мянгаар нэмэгдсэн бол АНУ-д 33 мянга, Бразилд 14 мянгаар нэмэгджээ.
“Ямар ч вакцин гарсан бүх хүмүүсийг бүрэн дархлаажуулах магадлал бага” гэж АНУ-ын Хүнс, Эмийн удирдах газрын тэргүүн асан мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл томуугийн вакцины адилаар бүх хүнд бүрэн хамгаалалт болж чадахгүй гэж тайлбарлажээ.
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдол 33.3 сая давлаа. Эдгэрсэн хүний тоо 24.6 сая хүрсэн бол 65 мянган хүний биеийн байдал хүнд байна.