Categories
мэдээ нийгэм

Дэлхийн ii дайны ялалтын 75 жилийн ойд

Улаан армийн хэрэгцээнд зориулан морьд худалдаж, бэлэглэх нь монголчуудын тусламжийн томоохон хэсэг байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайн нь зөвхөн моторын дайн байсангүй, бас морьт цэргийн сүүлчийн том дайн байв. Иймээс Улаан армийн хэрэгцээнд зориулан агт худалдаж авах саналыг ЗХУ-ын зүгээс тавьсан бөгөөд ЗХУ-ын Улсыг Батлан хамгаалах Хорооны 1942 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1105 тоот тогтоолоос үзвэл “ …БНМАУ-аас 375000 морьд худалдан авах даалгавар”-ыг ГХАК-д өгчээ. Харин хоёр тал тохиролцсоноор худалдан авах морьдын тоог 94000 болгон багасгасан аж.( Российско-Монгольское военное сотрудничество. Часть II, с.254.) Эл зорилтыг амжилттай биелүүлэх хөрс дэвсгэр нь зөвлөлтийн Улаан армид хэрэгцээтэй бүхнээр нь туслах хэмээсэн монголын малчин ардын хүсэл эрмэлзэл байсан нөхцөлд 1942 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан хурлаас малчин ардуудаас улсаас тогтоосон үнээр морьд худалдан авах тогтооолыг гаргажээ. Тогтоолд уг гүйцэтгэх арга хэлбэр, хариуцах байгууллага, морьдыг тэнцүүлэх шалгуур, худалдан авах үнэ зэрэг холбогдох бүхий л асуудлыг нарийн тодорхой заахын хамт уг ажил дээр албадаж хавчихгүй, завхрал нугалаа гаргахгүйгээр тус улсын хөдөлмөрчин ард түмний улс төрийн оргилсон идэвх хөдөлгөөнийг гаргуулан сайн дурын журмаар явуулахыг бүх аймаг, сумдын захиргаад, намын байгууллагад анхааруулсан байна.( МУҮТА. ТБТ.ф.1, д.3, хн.71, тал 155-158.) Эл ажил хэрхэн эхэлсэн тухай Хоршоодын Төв Холбоо, Агт бэлтгэх Төв комиссоос 1943 оны 1 дүгээр сарын 12-нд МАХН-ын Төв Хороо, СнЗ-д ирүүлсэн “1942 онд Улаан армид зориулан морьд бэлтгэсэн хийгээд бэлэглэлийн дүнгийн тухай” илтгэлд дэлгэрэнгүй дурдсанаас үзвэл: 1942 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн Дорнод, Хэнтий, Дорноговь, Жавхлантшарга, Төв аймагт морьд худалдан авах буудал 14-ийг байгуулж, тэдгээрийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд төсөв зардлыг тусгайлан гаргаж, орон сууц, агтны хашаа, уяа, ногт, пайз зэргийг дутагдал үгүй бэлтгэж, буудлын дарга нарт заавар өгч, шаардагдах гарын авлага, материалаар хангажээ Цаашид буудлуудыг шилжүүлэх, нэмж байгуулах зэргээр зохион байгуулан ажилласнаар морь малаар туслах хэмээсэн малчин ардын санаачлага зохион байгуулалтай хөдөлгөөн болон өргөжин дэлгэрчээ. 1942 онд улсын хэмжээнд 13 аймгийн 215 суманд морьд худалдан авах ажил хийгдэж, гэрээ ёсоор 94000 морьд бэлтгэхээс 104067 морьдыг тэнцүүлэн, төлөвлөгөөг 110,7 хувиар биелүүлжээ. Тэдгээрийн дотроос Сэлэнгэ, Увс, Дорнод, Ховд аймаг, нийт 51 сум төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Худалдахын зэрэгцээгээр малчин ардууд өөрсдийн сайн дураар 6417 агт бэлэглэжээ.

Ард олноос морьд бэлэглэхийг хүссэн захидал хүсэлт, бэлэглэсэн морьдын талаархи илтгэл мэдээ хэдэн арваараа бий. Тухайлбал, 1942 оны тайланд Увс аймгийн Хяргас сумын ард 18 настай Бизьяа морь 50, гүү 14-ийг үзүүлж, тэнцсэн морь 30, гүү 2-ыг худалдаж, шилдэг сайн 3 морийг, Жавхлантшарга аймгийн Дархан сумын 2 дугаар багийн дарга Тарав 20 морийг худалдаж, 400-1000 төгрөгийн үнэтэй таван жороо морь, Завхан аймгийн Их-Уул сумын ард Гарьд 76, Говь-Алтай аймгийн малчин Ж.Бавуу 55, Ховд аймгийн Дарви сумын Ядам 50, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наваан 43 морийг тус тус бэлэглэснийг дурдсан бол 1943 оны мэдээнээс Завхан аймгийн Дөрвөлжин сумын ард Дорлиг 55, Булган аймгийн Булнай сумын ард Дашням 50, ард Хишигбазар 30, Увс аймгийн Тэс сумын ард Бардоо 49 морь бэлэглэсэн гэх зэргээр урт жагсаалт гаргаж болно.

Түүнчлэн дайн дуустал, жил дараалан морьд бэлэглэх санаачлагыг ч гаргаж байсан жишээ олон бий. Дайны сүүдэр өрх бүрт тусаж, монголчууд өөрсдөө дутагдах гачигдахын хүндийг амсаж байсан ч малчин ардууд агт морьдоо авчирч, үзлэгт тэнцсэнийг зах зээлийн ханшнаас үлэмж доогуур тогтоосон үнээр худалдаж, бэлэглэж байлаа. Сайн морьдоо бэлэгдэхдээ хэн ч гар татаж байгаагүй бөгөөд авчирсан морьд нь үзлэгт тэнцээгүй тохиолдолд бие мөнгөөр туслах нь элбэг байжээ. Энэ тухай “…ардууд морь худалдах, бэлэглэхдээ хувийн ашгийг бодсон явдал үгүй, тэд өөрсдийн сайн дураар эрүүл чийрэг, нас, хэмжээний хувьд таарч тэнцэх, цэргийн уналга ачлагад тохирох морьдоо авчирч худалдаж байна. Энд ямар нэгэн албадлага үгүй” хэмээн сонин хэвлэлд бичиж байв. Ард олон морьдоо худалдаж бэлэглээд зогсохгүй тэднийг тууварлан, дамжлага баазуудад хүргэх ажлыг ч мөн гүйцэтгэж байв.

Морьдыг улсаас тогтоосон үнээр худалдан авах(МУҮТА.ТБТ. ф.1, д.3. хн.156, тал 76-85,111), морь бэлэглэгсэд(МУҮТА.ТБТ. ф.1, д.3. хн.149, тал 65-68,) ба тууварчдыг(МУҮТА.ТБТ. ф.1, д.3. хн.148. тал 367-368.) шагнаж урамшуулах дүрэм журам удаа дараа гарч Төв Хороо, Засгийн газрын төлөөлөгчид орон нутагт томилогдон ажиллан(МУҮТА.ТБТ. ф.1, д.3. хн.149, тал 378-379.), төрийн захиргаа, нам, эвлэлийн байгууллагууд бүх шатандаа онцлон үзэж, ухуулга таниулгыг өргөн дэлгэр явуулж байсан нь ард олны урам зоригийг бадрааж, тэднээс морьдоо худалдах, бэлэглэх ажлыг өргөжүүлжээ. Үүний дүнд ЗХУ, Улаан армид зориулан морьд бэлтгэх гэрээт ажлыг монголын тал амжилттай биелүүлж байв.

1944 оны 1 дүгээр сарын 14-нд БНМАУ-ын элчин төлөөлөгч Ж.Самбуугаас ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссиаратад илгээсэн бичигт “…Улаан армид зориулан бэлтгэсэн агт 128.378, ард олноос бэлэглэсэн 9513, чөлөөлөгдсөн нутгуудад илгээсэн 5567 тооны морьд замд яваа”40-г мэдэгдсэн нь 1943 оны бэлтгэлийн дүн болох бөгөөд нийтдээ 183 сум бэлтгэлийн төлөвлөгөөг 100 хувь биелүүлжээ. 1944 онд 202 сум мөн адил ажилласан байна. Морьд бэлтгэж эхэлснээс хойш Монгол улс жил бүр 100 мянгаас доошгүй тооны морьдыг ЗХУ, Улаан армийн хэрэгцээнд нийлүүлж байжээ.

Монголоос ирсэн морьдыг цэргийн агтанд хэрэглэхээс гадна 1944 оноос эхлэн улс ардын аж ахуйн хэрэгцээнд, сангийн аж ахуй, хамтралуудад хувиарлаж байжээ.

Зөвлөлтийн Эх орны дайны үед БНМАУ-аас худалдсан ба бэлэглэсэн морьдын талаархи дүн мэдээ зөрөөтэй бөгөөд “Үнэн” сонины 1965 оны 5 дугаар сарын 19-ний дугаарт нийтлэгдсэн “…Зөвлөлтийн эх орны дайны үед БНМАУ 485.000 морьд худалдаж, 32,5 мянган агт бэлэглэсэн” гэсэн мэдээг үндэслэн хагас сая гаруй гэх тоог ихэнх ном бүтээлд дурдаж иржээ.

Харин Оросын талын баримтуудад өөр дүнг өгүүлдэг. Тухайлбал, ЗХУ-ын Элчин төлөөлөгч И.А.Ивановаас 1945 оны 3 дугаар сарын 14-нд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовт илгээсэн илтгэх хуудсанд “…БНМАУ нь ЗХУ-д 460000 хүртэлх тооны морьдыг илгээсэн”(Российско-Монгольское военное сотрудничество. Часть II, с. 258.) гэсэн бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний яамны Гадаад харилцааны хэлтсээс 1947 оны 5 дугаар сарын 30-нд бэлтгэсэн “Дэлхийн хоёрдугаар дайны үеийн ЗСБНХУ ба БНМАУ-ын харилцан туслалцааны тухай” хэмээх баримтад “…Эх орны дайны үед БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-д улсын үнээр (150-200 төгрөг) 437189 морьд худалдсан нь нийтдээ 88 сая төгрөг, мөн 20 орчим мянган морьдыг бэлэглэсэн нь 3.876.560 төгрөг болсон”(Российско-Монгольское военное сотрудничество. Часть II, с.262.)-ыг тэмдэглэжээ. Эдгээрээс үзвэл, Монголоос очсон морьдын тоо 460000 орчим болох аж.

Бэлэглэсэн морьдын тухайд, монголын талын сурвалжуудад буй 1942 онд 641743, 1943 онд 951344, 1944 онд 1085545 морьд бэлэглэсэн гэсэн мэдээг нэгтгэвэл 26785 болно. Харин ЗСБНХУ-ын ГХАК-ын Алс Дорнодын 3-р хэлтсийн ажилтан М.Ш.Бахитовын гаргасан мэдээгээр “1944 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар БНМАУ-ын ардууд 20976 морьд бэлэглэсэн”(Российско-монгольское военное сотрудничество. Часть II, с. 254.) гэжээ. Дээрхи мэдээнүүдэд 1945 он багтаагүй тул бүрэн тоо хэмээхэд учир дутагдалтай. Монгол, Оросын талын эх сурвалжийн мэдээний зөрүүг гаргах боломж судалгааны өнөөгийн төвшинд хүндрэлтэй бөгөөд цаашид хоёр орны архивуудад хадгалагдаж буй арвин их баримтыг харьцуулан судалж, нягтлах үед илүү тодорхой болно. Гэхдээ тооны зөрөө гол бус бөгөөд харин Монголоос очсон морьд байлдаж буй Улаан армийн агтыг сэлбэж, тэдний ялалтад хувь нэмрээ оруулсан нь чухал юм. Энэ тухай Улаан армийн морьт цэргийн нэрт дарга, генерал И.А.Плиев “…1941 оны өвөл Москвагийн дэргэд, морин цэргийн Гвардийн 3 дугаар дивизэд морьд маш их хэрэгтэй байсан цагт монголчууд дуртайяа тусалж, Монголын унамгай жижигхэн морьд танктай зэрэгцэн Берлин хүрсэн”(Ахан дүүсийн захидал.(Монголоос фронтод, фронтоос Монголд). УБ.,1985. тал 12.)-ийг бахархан бичиж, Морин цэргийн Гвардийн 1 дүгээр корпуст Монголоос бэлэглэсэн 1500 морьд агтныхаа ихэнхийг дайны тэргүүн фронтод алдсан тэдэнд асар их тус болсныг уг корпусыг командлагч маршал И.Баграмян онцлон тэмдэглэжээ.( БНМАУ-ын түүх. Гуравдугаар боть. УБ.,1969. тал 483.)

Монгол морьд тэсвэр шандсаараа улаан армийн дайчдыг бишрүүлж, хүнд техник туулахад бэрх намаг шавар, цасан хунгарыг гатлан зүтгэж, гал утаа, суман шуургыг сөрч, агаарын Берлин хүрсэн их давшилтын замд эзнээ явгалаагүйг ахмад дайчид олонтаа өгүүлж, хахир хүйтэн цагт цасан доороос ч өвс хоолоо олж иддэг, жүчээний адуунаас эрс өөр, унасан эзэндээ туйлын дасамгай монгол морьдынхоо ачаар амь өрссөн тулаанаас эсэн мэнд гарч байсан үнэн түүх бий. Зөвлөлтийн Эх орны дайны үед Улаан армийн агтанд байсан 5 морь тутмын нэг нь “монгол морь” байсан тухай Оросын өнөөгийн судлаачид бичиж, “Монголын морьдын лизинг” хэмээх өгүүлэл хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээнд тавигдаж, хүнд бэрх цагт хамт байсан Монгол орон, монголчуудын чин сэтгэл, тус дэмийг мэдэж авснаа илэрхийлсэн эерэг сайхан сэтгэгдлүүд ч гарчээ. Ийнхүү ялалтыг авчрахад хүн, хүчит техникийн зэрэгцээгээр морьд мөн зүтгэж байсны тоонд монгол морь багтаж, эх нутгийнхаа нэрээр “монголка” хэмээгдэн түүхнээ мөнхөрчээ.

Монголчууд цэргийн агтанд төдийгүй чөлөөлөгдсөн нутгуудад үржлийн морь малаар тусалж байлаа. МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1943 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хамтарсан хурлаас “Германы фашист нарын түрэмгийлэн эзлэгчдээс хохирлыг хүлээсэн ЗХУ-ын районууд, ард түмэнд тусламжийг үзүүлэх тухай” тогтоолыг гаргаж, эл хэрэгт оролцогсдыг Улаан армид морьд бэлэглэсэнтэй адилд үзэж урамшуулахыг заажээ. Энэ дагуу 1943 онд зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийн хамтралуудад Увс, Өвөрхангай, Дорноговь аймгаас 3800; 1944 онд Белорусст 5597 морьдыг тус тус бэлэглэжээ. 1944 оны 10 дугаар сарын 16-наар өдөрлөсөн нэгэн баримтад БНМАУ чөлөөлөгдсөн нутгуудад 41334 толгой мал илгээсэн гэж тэмдэглэжээ. 1945 онд үржлийн үхэр 1211, хонь ямаа 40 гаруй мянгыг шилжүүлэн өгсөн гэж мэдээлжээ. Дайны дараа ч энэ хэлбэрийн тусламж үргэлжилж 5 сая төгрөг, олон мянган мал тусалсан тухай сонин хэвлэлд бичиж байв. (Ерөнхий редактор С.Чулуун, Эмхтгэгчид: Н.Хишигт, Ч.Дашдаваа, Ч.Болд, Ч.Баасанжаргал. Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө. 2015.УБ., )

Image may contain: one or more people, people walking, sky, hat, outdoor and natureImage may contain: people standingNo photo description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *