Categories
мэдээ нийгэм

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Улсын Гуравдугаар төв эмнэлэг 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Эрүүл мэндийг хүн бүрт” уриан дор өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус эмнэлэг энэхүү өдрийг угтан БГД-ийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн бага ангийн багш нарт “Чихрийн шижин өвчний тухай ойлголт ба түүнээс сэргийлэх нь” сэдэвт эрүүл мэндийн мэдээлэл боловсрол олгох сургалт зохион байгуулж, бага бүлгийн нийт 30 багшид биеийн жин, өндөр, бүсэлхийн тойрог, цусны даралт хэмжин чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийж, захын цусанд глюкоз тодорхойлон дотоод шүүрлийн эмч зөвлөгөө өгөв. Мөн “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол”, “Цусанд сахар багасах”, “Цусанд сахар ихсэх”, “Таргалалт”, “Хөлний хүндрэлээс урьдчилан сэргийлэх“ сэдэвт гарын авлагыг бэлтгэн түгээсэн юм. Түүнчлэн Япон монголын хамтарсан “Номт наран” ерөнхий боловсролын тавдугаар ангийн сурагчдад “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр сургалт хийж, “Хүүхдийн шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт” номыг сургуульд нь бэлэглэв.
Энэ өдөр эмнэлгийн төв үүднээс иргэд, үйлчлүүлэгч, эмч, ажилчдаа угтан Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд идэвхитэй нэгдэхийг уриалан, Зөвлөх Поликлиникт “Эрүүл мэндийг хүн бүрт” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, “Тархины харвалтаас сэргийлье”, “Зохистой хооллолт” сэдэвт сургалт хичээл, харвалт, чихрийн шижин, цусны даралт ихсэлтийн эрсдлийн үнэлгээг хийж, хүн бүрт эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Тус эмнэлгийн эмчилгээний хоолонд хэрэглэж буй хүнсний 15 зүйлийн нарийн ногоо, тэдгээрийн боловсруулалт, хэрэглэх арга, хоол эмчилгээнд хэрхэн бэлтгэх зэргийг харуулсан үзэсгэлэн гаргаж иргэд үйлчлүүлэгчдэд тайлбарлан танилцуулж, “Хүнсний ногооны ашиг тус”, “Хүрэн манжингийн шүүс бэлтгэх”, “Нарийн ногоонууд” гэсэн зөвлөмжийг хүргэв.
Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд нийт 500 гаруй үйлчлүүлэгч иргэд, эмч, ажилчид, сурагч, багш нар оролцож, зургаан төрлийн гарын авлага материалыг түгээн сурталчиллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *