Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил
бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон
зарласантай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар,
шашны болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд 2001 оноос
хойш энэ өдрийг хамтран тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
Олон улсын Энх тайвны өдрийн 2014 оны
үйл ажиллагаа нь “Хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршин эрхтэй”
хэмээх уриан доор явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад уламжлал ёсоор
есдүгээр сарын 21-нд Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхон
дээр тэмдэглэх гэж байна.
Уг арга хэмжээнд эв нэгдэл, энх тайвны
төлөөх мөргөл залбирал, үзэл санаагаараа нэгдэхээр Монгол дахь шашны
төлөөллүүд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, төр засгийн болон олон
нийтийн төлөөлөл оролцох аж. Арга хэмжээг нээж НҮБ-ын суурин зохицуулагч
бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин
Синаноглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний илгээлтийг
уншиж танилцуулаад, зул өргөж, Энх тайвны хонхыг цохих юм байна. Дараа
нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашнуудын төлөөлөл Хинду,
Иудей, Буддын шашны төлөөлөл Дашчойлин хийд, Шинто шашны Оомото Монгол
Төв, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо, Христийн шашны төлөөлөл
Католик Сүм, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Бахай шүтлэг зэрэг
шашнууд үүсэл, он дарааллынхаа дагуу энх тайван, амар амгалангийн төлөө
мөргөл залбирлаа уншин зул өргөж, Энхтайвны хонхыг цохих ёслолыг
үйлдэнэ.