АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг дэлхийн ДНБ-ий өсөлтийнирэх оны таамаглалаа 1.7 хувиас 1.4 хувь болгон бууруулжээ. “Төв банкууд инфляцтай тэмцэн зээлийн хүүгээ өсгөж,Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн төлөв муудаж байгаатай холбогдуулан дэлхийн ДНБ-ий өсөлтийн талаарх 2023 оны төсөөллийг дахин бууруулж байна” гэж “Fitch Ratings”-ийн дэлхийн эдийн засгийн төлөв (GEO) тайлан мэдээнд дурджээ. “Fitch” мөн “мөнгөний бодлого нь эрчимтэй чангарч байгаатай холбогдуулан АНУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 0.5 хувиас 0.2 хувь болгон бууруулсан байна. Бас Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх 2023 оны төсөөллийг 4.5 хувиас 4.1 хувь болгон бууруулжээ.Харин Европын хийн хямрал бага зэрэг намжиж буйтай холбоотойгоор еврогийн бүсийн ДНБ-ий өсөлтийн талаарх ирэх оны таамаглалыг -0.1 хувиас 0.2 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Гэвч Европын Төв банкны бодлогын хүүгийн огцом өсөлт эрэлтэд дарамт учруулна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн байгалийн шингэрүүлсэн хийн импорт нэмэгдэж, хийн хэрэглээ буурсантай холбоотойгоор Европын орнууд энэ өвөл байгалийн хийн хомсдолд орох эрсдэл багассан гэж “Fitch”-ийн шинжээчид дүгнэсэн байна. “Хямрал дуусах болоогүй байгаа бөгөөд хийн бөөний үнэ өндөр байгаа нь компаниудын зардал болон өрхийн төсөвт ихээхэн дарамт үзүүлсээр байх болно” гэж шинжээчид мэдэгджээ.
Саяхан еврогийн бүс болон Их Британид инфляц 11 хувьд хүрсэн бөгөөд суурь инфляц өссөөр байгаа юм. Гэхдээ хүнс, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ тогтворжихын хэрээр 2023 онд үндсэн инфляц мэдэгдэхүйц буурна гэж тус агентлаг тооцоолсон байна.