Дэлхийн дархлаажуулалтын өдрийг “Вакциндаа хамрагдъя, хамтдаа сэргийлье!” уриан дор 2018 оны дөрөвдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улс Дархлаажуулалтын үйлчилгээг 1961 оноос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн ба 1993 оноос эхлэн үндэсний хэмжээний хөтөлбөр болгон өргөжүүлж улмаар 2002, 2011 онд шинэчлэн боловсруулж хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн нэгдүгээр зорилтод дархлаажуулалтын үйл ажиллагааг тусгасан нь хүүхэд, нялхасын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл эндэгдлийг бууруулахад дархлаажуулалтын ач холбогдлыг тодорхой тусгасан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор дэлхий дахинд жил бүр вакцинжуулалтад хамрагдаагүй 1.5 сая хүүхэд халдварт өвчний улмаас нас бардаг байна. Дархлаажуулалтын хамралт улс орон бүрт харилцан адилгүй байгаа учраас вакцины хамралт бага улс орны хүн амын дунд вакцинаар урьдчилан сэргийлж болох халдварт өвчнүүд тухайлбал улаанбурхан, улаанууд, татран, хөхүүл ханиад зэрэг халдварт өвчний дэгдэлтүүд бүртгэгдсээр байна.
Манай улс дархлаажуулалтын хөтөлбөрт багтдаг вакциныг товлолын дагуу өндөр хамралттай, нэмэлт вакциныг нотолгоонд тулгуурлан оновчтой үр дүнтэй зохион байгуулсанаар цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчинг устгаж, сахуу, хөхүүл ханиад бараг бүртгэгдэхээ больж, В хепатит, улаанбурхан өвчний тархалтыг хяналтандаа авсан амжилтанд хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг ханган ажиллаж байгаа билээ. Эрүүл мэндийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 494 дүгээр тушаалаар Дэлхийн эрүүл мэндийн нийт 15 тэмдэглэлт өдрийн нэг болох “Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар заасан.Монгол Улс 1993 оны 10 сараас эхлэн өнөөдрийг хүртэл 48 удаагийн дархлаажуулалтын 10 хоногийг тухайн цаг үеийн онцлогт тохирсон уриатайгаар зохион байгуулж ирсэн. Тус өдрүүдээр нэмэлт, нөхөн дархлаажуулалтыг компаничлан зохион байгуулснаар хамралт нэмэгдэж, хүн амын дунд ач холбогдлыг таниулсанаар олон нийтийн оролцоо дээшилсэн. 2018 онд Дэлхий даяар вакцин үр дүнтэй, дархлаажуулалтын хамралт өндөр байх тусам урьдчилан сэргийлэлт өндөр байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Монгол Улсад “Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын чиглэлээр ДЭМБ-ын Бүсээс дэвшүүлсэн зорилтуудыг хангах, эрүүл мэндийн шийдвэр гаргагчид, бодлого төлөвлөгчид, эрүүл мэндийн ажилтнууд, хувь хүмүүст дархлаажуулалтын зөвлөмж, мэдээллийг түгээх, вакцины ач холбогдлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Монгол Улс 2018 онд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн ба дархлаажуулалтын цахим бүртгэлийг Хан-Уул дүүрэг, Ховд аймагт туршилтаар нэвтрүүлэх үйл ажиллагааг амжилттай эхлүүлээд байна.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд үндэсний түвшинд хүн амд эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, эрүүл дадал, зан үйлийг хэвшүүлэх, дархлаажуулалтын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгаа явуулах эрүүл мэндийн байгууллагуудын туршлага, ур чадварыг бэхжүүлэх, шийдвэр гаргагчдад ухуулга, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.