УИХ-ын гишүүн С.Чинзориг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Марк Долфмэнийг өнөөдөр /2016.11.29/хүлээн авч уулзаж, тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Марк Долфмэн Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газар нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 2,0 хувьд хүргэх зорилтоо биелүүлэхийн тулд тодорхой шалгууруудыг өөрчлөх ёстой гэж үзэж байгаагаа онцолсон юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг хэлсэн үгэндээ, Монгол Улсын тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлага байгаа хэдий ч нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, Нийгмийн даатгалын сангийн менежментийг сайжруулахад анхаарахын зэрэгцээ, байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх асуудлыг тэтгэврийн шинэчлэлтэй холбох шаардлагатай байгааг онцлов.
Түүнчлэн тэрбээр Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Дэлхийн банкинд санал тавьсны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр дахь шатны төслийн талаар асууж, тодруулсан юм. Ноён Марк Долфмэн түүнд хэрэгжих боломжтой төсөл санаачилсанд талархал илэрхийлээд, уг төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк 25 сая ам.доллараар санхүүжүүлэхээр болсныг дуулгав. УИХ-ын гишүүн С.Чинзориг төслийн үр дүнг сайжруулахын тулд залуусын хөдөлмөр эрхлэх санаачлагыг дэмжих, бизнесээ эхлэхэд туслах, гарааны зээлээс гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг лизингээр олгох, ажлын байрны түрээс, бараа бүтээгдэхүүний борлуулалтад бодитой дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүслээ.