Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Дэлхийн Банкны дэмжлэгтэй “Боловсролын салбарын шинэчлэлийн төслийг” хэрэгжүүлж байгаа билээ.Төсөл нь Монголын бага сургуулийн сурагчдын математик, унших чадварын сурлагын амжилтанд онцгой анхааран боловсролын чанарыг сайжруулах зорилготой юм.
Төслийн гуравдугаар шатны “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс бага боловсролын чанарыг ахиулах зорилгоор төслийн шалгаруулалтанд амжилттай оролцож шалгарсан нийт 450 сургуулийн 450 төсөлд 3 тэрбум 50 сая төгрөгийн тэтгэлэг олгох арга хэмжээ өнөөдөр боллоо.
БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар “Энэ жилийн төслийн шалгаруулалт өмнөх жилүүдийхээс онцлог болж байна. Сургуулиуд өмнөө тулгамдсан асуудлуудаа их нээлттэй бичдэг байсан бол энэ жилийн шалгаруулсан төслүүдэд бага боловсролын математик, эх хэл, байгаль шинжлэлийн хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд илүү чиглэгдсэн.
Нийтдээ 650 гаруй сургуулиудын санал ирсэнээс өнөөдөр 450 сургууль шалгарч батламж бичгээ авах арга хэмжээ болж байна. Төслийн саналыг хэрэгжүүлэхэд зориулан нэг сургуульд дунджаар 2,000-3,000 ам.долларын тэтгэлэг олгож байгаа” гэв.
Тус арга хэмжээний үеэр тэтгэлэгт шалгарсан зарим сургуулийн төслүүдийг олон нийтэд танилцуулж байв.
Чингэлтэй дүүргийн 72-р сургуулийн бага ангийн багш О.Багтцэнгэл “Манай сургууль энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн жил “Монгол ёс заншлын кабинет” байгуулахаар хамрагдаж орсон. Тэгээд тэтгэлэгтээ бүрэн хамрагдаж одоо кабинетээ байгуулаад сургалтандаа 100 хувь ашиглаж байгаа.
Бид голдуу бага ангийн сурагчдыг кабинетдээ оруулж хичээллүүлдэг. Кабинетынхаа дагуу сар болгон бид төлөвлөгөөтэй ажлуудыг зохион байгуулдаг. Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагчдын дунд морь уралдуулах тэмцээнийг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийн дунд шагай няслах, гуравдугаар ангийн дунд шагай шүүрэх тэмцээнүүдийг тус тус сар бүр зохион байгуулдаг. Хүүхдүүд энэхүү ёс заншлын кабинетэд орж хичээл хийх их дуртай байдаг” гэв.