Дэлхийн Банк Группийн Захирлуудын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Монгол Улстай хамтран ажиллах Түншлэлийн шинэ хүрээний талаар авч хэлэлцлээ. 2021-2025 оныг хамарсан энэхүү стратегийн зорилго нь Монгол Улс КОВИД-19 хямралыг богино хугацаанд даван туулахын зэрэгцээ ирээдүйд ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад илүүтэй анхаарах байдлаар илүү тогтвортой, хүртээмжтэй, аливаа уналтад тэсвэртэй байдлаар сэргэхэд дэмжлэг үзүүлэх юм.
“Түншлэлийн шинэ хүрээ нь Монгол Улс КОВИД-19-ын хямралыг даван туулах онц чухал цаг үед хэлэлцэгдэж байгаа төдийгүй цаашид эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү тэсвэртэй болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж, шинэчлэлүүдийг дэмжих юм,” хэмээн Дэлхийн Банканд Монгол Улсыг хариуцсан захирал Мартин Райзер хэлэв. “Энэ жил бид Монгол Улс, Дэлхийн Банк Группийн түншлэлийн 30 жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ илүү сайн сайхан ирээдүйг бүтээх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих аянаа хамтдаа үргэлжлүүлэх болно.”
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсөж, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд томоохон ахиц дэвшил гарсан. Гэсэн хэдий ч өсөлт тогтвортой бус байж, бүх нийтэд хөгжил цэцэглэлтийг авчраагүй юм. Ажлын байр бий болгох нь чухал асуудал хэвээр байгаагийн зэрэгцээ ялангуяа залуу хүн амын дунд тулгамдсан асуудал болоод байна. Үүний дээр КОВИД-19 цар тахал эдийн засаг болон иргэдэд ихээхэн хохирол учруулж, Засгийн газраас цар тахлыг даван туулах дорвитой дэмжлэг үзүүлсэн хэдий ч суурь асуудлууд улам дордов.
Монгол Улстай байгуулах Түншлэлийн шинэ хүрээ нь хүртээмжтэй, тогтвортой, бат бөх өсөлтийг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд дараах гурван үндсэн асуудлыг гол чиглэлээ болгож байна. Үүнд:
- Эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх. Дэлхийн Банк Групп (ДБГ) нь төсөв удирдлага болон байгуулалтыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдал, засаглалыг сайжруулах ба иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн төрийн өмч, хөрөнгийн ашиглалтын үр ашиг болон үр дүнг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлнэ.
- Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. ДБГ нь хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн хүртээмж, үүний дотор ялангуяа жижиг, дунд үйлдвэрийн (ЖДҮ) санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, улс орны харилцаа холбоог сайжруулахын тулд тээвэр, эрчим хүч, дижитал үйлчилгээний тогтвортой дэд бүтцэд хөрөнгө оруулах болно. Үүний зэрэгцээ, ДБГ нь мал аж ахуй, газар тариалан, дижитал эдийн засаг, аялал жуулчлал зэрэг ажлын байр олноор бий болгох боломжтой салбарт анхаарал хандуулж ажиллах болон Монгол Улсын эдийн засгийн чухал хэсэг болох уул уурхайн салбарт тогтвортой бөгөөд чанартай хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн хийх болно.
- Амьдралын чанарыг сайжруулах. ДБГ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ялангуяа КОВИД-19-ийн үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах, түүний дотор вакциныг түгээх чиглэлээр ажиллана. Боловсролын чанарыг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд нь улсын хамгийн ядуу хүн амд чиглүүлэх, санхүүгийн хувьд тогтвортой байх нөхцөлийг хангах замаар дэмжлэг үзүүлнэ. Агаарын чанар, дулааны хангамж, хотын тээвэр болон хотын захиргаанаас үзүүлдэг бусад үйлчилгээг сайжруулах зорилгоор оруулах хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хот суурин газарт тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн, Түншлэлийн шинэ хүрээ нь ДБГ-ын явуулдаг бусад үйл ажиллагаанд тусгалаа олсон байдаг ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх чадварыг нэмэгдүүлэхэд дахин ач холбогдол өгч байна. ДБГ нь эдийн засгийн хөгжлийн боломж болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээ нь урт хугацаанд харилцан нэгнээ нөхдөг гэсэн бат итгэл дээр үндэслэн Монголын иргэд, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдэд зориулан илүү олон ажлын байр бий болгох, ирээдүй хойч үеийнхний уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дээшлүүлэх чиглэлд илүүтэй дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
“Стратегийг боловсруулахдаа бид төв, орон нутгийн засаг захиргаа, хөгжлийн түншүүд, хувийн хэвшлийнхэн болон иргэний нийгмийн оролцогч талуудтай нягт хамтран ажилласан. Цаашдаа мөн ажил хэрэг болгохын тулд бүхий л түншүүдтэйгээ хамтран ажиллах болно. Монгол Улстай хамтран ажиллах энэхүү стратеги нь бидний түншлэлийг удирдан авч явах тод томруун замын зураглал байх болно ” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв.
Уг стратеги нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээ болох Алсын хараа-2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Дэлхийн Банк Группийн ядуурлыг эцэслэх, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих гэсэн хос зорилттой нягт уялдсан болно. Энэ бол Олон Улсын Хөгжлийн Ассоциаци (ОУХА)-аас дэвшиж, 2020 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ОУСБХБ)-аар гагцхүү үйлчлүүлж эхэлснээс хойш хэрэгжүүлж эхлэх анхны Түншлэлийн хүрээ болж байгаа юм.