Өнөөдөр “Дэлхийн багш нарын өдөр”.
ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон 1994 онд зарласан билээ. 1966 оны энэ өдөр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулж (Special Intergovernmental Conference on the Status of Teachers) “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг (The ILO/UNESCO Recommendation concerning the Status of Teachers) батлан гаргасан юм. Уг зөвлөмж нь багшийн мэргэжлийн олон улсыг стандартыг тодорхойлсон бөгөөд хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт биш боловч боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын статусыг дээшлүүлэх чухал эрх зүйн баримт бичигт тооцогддог. Мөн 1997 оны 10 дугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 29 дүгээр чуулганаар “Их дээд сургуулиудын багшлах боловсон хүчний статусын тухай зөвлөмж”-ийг (The UNESCO Recommendation concerning the Status of Higher-Education Teaching Personnel) батлан гаргасан байдаг.
Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэнд багш нарын гүйцэтгэж буй асар их нөлөөг онцолж байгаа хэрэг юм. Мөн багш нарын өмнө тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдэхийг хичээж буй мөч билээ.
Энэ өдөр Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос МҮЭСТО-нд Монголын багш нарын Онц их хурал зохион байгуулах юм. Онц их хурал 09:00 цагт эхэлсэн байна. Мөн өнөөдөр15:00 цагт Монгол багш нарын Онц их хурлын төлөөлөгчид Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийх аж.
Багш нар цалингаа 1.6 сая төгрөг болгох шаардлага тавиад байгаа билээ.