ОХУ-ын Хабаровск хотноо 35 дах удаагийн бөмбөгиэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В хэсэгт манай улсын шигшээ баг оноолт таарснаас тэмцээний нээлтийн өдөр эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийсэн байна. Тоглолтын 13 дах минутанд Хятадын довтлогч Иохан Чан эхний гоолыг оруулсан бол 16 дах минутанд Ц. Шинэбаяр торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэлээ. Тоглолтын эхний үе завсарлахаас өмнө Г. Тамир өрсөлдөгч багийн хаалганд
дахин нэг гоол оруулж, тоглолтын харьцааг 2:1 болгон өөрчилсөн байна. Тоглолтын 2 дах үед Хятадын шигшээ багийн тамирчин Цао Ган хаалга мөргөж гэмтэн тоглолтын талбайг орхисон байна. Тоглолтын 2 дах үед манай шигшээ багийнхан дахин нэг гоол оруулж, Швед дасгалжуулагчтай Хятадын багийг 3:2-ын харьцаатай хожсон юм. Үүний дараагаар манай улсын шигшээ баг Германы шигшээ багтай тоглож, 4:2-ын харьцаатай хожигдсон байна. Тэмцээний эхний өдөр Нидерландын баг Сомалийн багийг 18:0-ээр, Эстонийн баг Унгарын багийг 8:6-ийн харьцаатай тус тус хожсон байна. Өнөөдөр манай улсын шигшээ баг Нидерландын багт 18:0-ийн харьцаатай хожигдсон Самолийн багтай тоглох юм байна. Энэ өдөр мөн Эстони-Латви, Унгар-Япон, Голланд-Германы багуудын тоглолт болох юм байна.