Манай улсад эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлөөр умайн хүзүүний хорт хавдар хоёрдугаарт орж байна. Энэ өвчнөөр өвчилж байгаа эмэгтэйчүүдийн 50 хувь нь хавдрын хожуу үед оношлогдож байгаа нь эрсдэл их байгааг харуулна. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх HPV буюу хүний хөхөнцөр вирус (ХХВ)-ийн эсрэг вакцин дэлхий нийтэд гарсан ч манайд байдаггүй тул охид, эмэгтэйчүүд гадны улс орон руу явж энэхүү вакцинд хамрагддаг болжээ. Умайн хүзүүний хорт хавдар хэмээх аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх ХХВийн эсрэг вакцины тухай Хавдрын үндэсний зөвлөл ТББын гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.
-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцины тухай мэдээллийг хүргэхгүй юу?
-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь HPV буюу хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин гэж олон улсад үзэж байна. Ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх нь тухайн улсын Үндэсний дархлаажуулалтын хорооны шийдэх асуудал байдаг. Хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг дэлхийн олон орон хийж байна. Зарим оронд өсвөр насны охид төдийгүй хөвгүүдэд хэрэглэж байгаа. Энэ вакцины тухай ярихаас өмнө умайн хүзүүний хорт хавдар ямар вирусээс үүсгэгддэг тухай ярья. Умайн хүзүүний хорт хавдар нь Хүний хөхөнцөр вирус (ХХВ) гэдэг вирусээр үүсгэгдсэн байдаг. 100 гаруй хэв шинжийн ХХВ байдаг боловч үүн дотроос 16 болон 18 дугаар хэв шинж нь умайн хүзүүний хавдрын 70 хувийг үүсгэх шалтгаан болдог. Энэ вирус нь зөвхөн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсгэхээс гадна, бэлэг эрхтний, үтрээний, эрэгтэйчүүдэд шодойн, залгиур хоолойн, хошногоны амсрын хавдрыг үүсгээд зогсохгүй хүүхдэд хүртэл амьсгалын замын дахьдаг папилломатоз гэдэг өвчний шалтгаан болдог. Бэлгийн замаар дамжин халдварладаг энэхүү вирусээс сэргийлэх хамгийн гол арга нь ХХВ-ийн эсрэг вакцин гэж үздэг. Зах зээл дээр гурван төрлийн ХХВ-ийн эсрэг вакцин бий болсон, хоёр цэнт буюу 16, 18 дугаар хэв шинжээс хамгаалдаг церварикс, дөрвөн цэнт буюу 16, 18, 6 болон 11 дүгээр хэв шинжээс хамгаалдаг гардасил, хамгийн сүүлийн үед шинээр гарсан есөн цэнт буюу 6, 11, 16, 18, 31, 33, 45, 52 болон 58 дугаар хэв шинжээс хамгаалдаг гардасил зэрэг юм.
-ХХВ вакциныг ямар улс орнуудад хийж байна вэ. Дэлхийн улс орнуудад ямар үе шаттайгаар хийдэг юм бол?
-ХХВ-ийн эсрэг вакциныг өнөөдрийн байдлаар дэлхийн 79 орон дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулан 9-14 насны охидод хийж эхэлсэн. Харин Австрали, АНУ, Канад зэрэг орнууд эрэгтэйчүүдээ хамгаалах зорилгоор хөвгүүддээ бас энэ вакциныг хийдэг болсон. Австрали улс 2007 оноос эхлэн энэхүү вакциныг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд түүнээс хойш 2012 онд үр дүнг үнэлэхэд ХХВ-ийн тархалт 28.7 хувиас 6.7 хувь, харин 2014 оны судалгаагаар 1.6 хувь болж буурсан судалгаанууд байдаг. Манай улс ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсэд хамрагддаг бөгөөд манай бүсийн 13 орон буюу 48 хувь нь энэ вакциныг үндэсний товлолдоо оруулсан байгаа. Бусад орнууд үндэсний хэмжээнд хийж эхлээгүй ч, загвар, туршилт маягаар нэвтрүүлээд эхэлсэн. Манай бүсийн орнуудаас Малайз, Филиппин, Фижи улсууд амжилттай хэрэгжүүлсэн гэж үздэг. Хамгийн сүүлд Өмнөд Солонгос 2016 онд энэ вакциныг товлолдоо оруулсан байна. Харин энэ вакцин манай улсад орж ирээгүй тул манай монгол эмэгтэйчүүд гадаад улс орнууд руу явж хийлгэж байна. Вакцинд хамрагдах насыг 9-14 насанд буюу бэлгийн харилцаанд орохоос өмнө хийлгэвэл үр дүн өндөртэй гэж үздэг. 30 наснаас дээш хийлгэж болох ч үр дүнгийн хувьд 14 наснаас өмнө хийлгэх нь вакцины үр дүнг улам сайн бататган гэж үздэг.
-Ямар үнэ өртөгтэйгөөр хийгдэж байна вэ?
-Дэлхийн улс орнуудаас хамааран HPV вакцины үнэ харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Австралид нэг тун нь 120 ам. долларын үнэтэй байгаа бол Азийн орнуудад бол үүнээс арай хямд өртөгтэй, 60 ам. доллар байх жишээтэй. Нэг хүн нийт хоёр удаа буюу хоёр тун хийлгэдэг. Зургаан сараас нэг жилийн хугацаанд хоёр тун вакцин хийлгэнэ.
-Энэ вакциныг манай улсад өмнө нь хэрэглэж байсан уу. Ямар үр дүн гарч байсан бол?
-Уг вакциныг 2012 онд АНУ-ын дэмжлэгтэй хэрэгжсэн Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд Сэлэнгэ, Өмнөгөвь аймаг, Баянгол, Багануур дүүрэгт 12-15 насны 10 мянга гаруй охидод хийсэн. Харамсалтай нь вакцины талаар буруу ташаа мэдээлэл цацагдсанаас болж энэхүү хөтөлбөр зогссон. Бусад оронд вакцины үр дүнг үнэлэх судалгааг тогтмол хийдэг. Иймд манай байгууллагаас Монголд хийгдсэн уг вакцинжуулалтын эрт үеийн үр дүнг үнэлэх зорилготой Австралийн Засгийн газарт бичсэн төсөл шалгарч Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвтэй хамтран судалгааг гүйцэтгэж байсан. Вакцинжуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй 18-23 насны 1909 залуу эмэгтэйчүүдийг уг судалгаанд хамруулж, асуумжийн аргаар ХХВ, умайн хүзүүний хорт хавдар, ХХВ-ийн вакцины талаарх мэдлэг дадлага хандлагын үнэлгээ болон полимержих гинжин урвалын аргаар хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХХВ-ийн 13 хэв шинжийг илрүүлэх шинжилгээ зэргийг олон улсын аргачлалын дагуу хийсэн. Ингэхэд Монгол Улсад ХХВ-ийн эсрэг вакцины хөтөлбөр хэрэгжсэнээс хойших зургаан жилийн хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан залуу эмэгтэйчүүдийн дундах вакцины хэв шинжийн ХХВ-ийн халдварын түвшин буурсан, мөн вакцин хийлгэсэн, хийлгээгүй эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлтийн түвшин ижил байсан зэрэг эерэг сайн үр дүн гарсан.
-Бусад улс орнууд хорт хавдар үүсгэгч ХХВ вирусээс охид эмэгтэйчүүдээ яаж хамгаалдаг талаарх мэдээллийг хүргэхгүй юу?
-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга нь вакцинжуулалтаас гадна эрт илрүүлэг үзлэг шинжилгээ юм. Манай улсад 30 наснаас эхлүүлэн гурван жил тутамд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг хөтөлбөрт хамруулж байгаа боловч хамрагдалтын хувь 40 гаруй хувиас хэтрэхгүй байна. Иймд эмэгтэйчүүд харьяа өрх, сумын эмнэлэгтээ гурван жил тутам ПАП-шинжилгээгээ тогтмол өгч хэвших нь уг өвчнийг эрт илрүүлэх, эмчлэхэд чухал ач холбогдолтой юм. Умайн хүзүүний хорт хавдар нь гол төлөв дундаж насны буюу 35-55 насны эмэгтэйчүүдэд, нийт тохиолдлуудын 20 хувь нь 65 дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог.
-Энэхүү вакцинд сөрөг тал гэж бий юу?
-Аливаа нэг вакцины гаж нөлөөг олон улсад бүртгэж, хяналт тавьж явдаг. Энэхүү вакцин нь олон оронд хэдэн сая тун хийгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдсан вакцин. Цөөн тохиолдолд хувь хүний бие махбодын онцлогоос хамааран хэсэг газрын урвал, харшил өгөх, халуурах зэрэг бусад вакцинтай адил урвал илэрч болдог.
-Манай улсад энэхүү вакциныг нэвтрүүлэх боломж бий юу. Нэгэнт манай охид, эмэгтэйчүүд гадаад улс орон руу явж өндөр төлбөртэйгөөр хийлгэж эхэлсэн юм чинь энэхүү вакциныг Монголд оруулж ирэхэд ямар саад бэрхшээл учирч байна вэ?
-Манай оронд аливаа вакциныг хийх эсэх, ямар товлолоор, хэрхэн хийх зэргийг Эрүүл мэндийн яам, Дархлаажуулалтын үндэсний хороо шийдэг. Энэ вакциныг Монголд оруулж ирэхэд хэсэг бүлэг хүмүүсийн нийтэд түгээсэн буруу ташаа мэдээлэл, хүмүүсийн дундах айдас хамгийн их тушаа болж байгаа юм болов уу гэж хардаг. Дэлхийн хэдэн сая хүмүүс хэрэглээд умайн хүзүүний хавдар гэдэг өвчнийг бүрмөсөн устгана гэсэн зорилт тавин HPV буюу ХХВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын товлолдоо тусган амжилттай хэрэгжүүлж байхад бид энэ асуудлаар ярихаас айдаг нь харамсалтай.