Categories
мэдээ нийгэм

Дэлхийн 3500 манлайлагч залуус Монголд хүрэлцэн иржээ

Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах талаар Гадаад Харилцааны Яам болон Олон улсын JCI байгууллагаас хамтарсан мэдээлэл хийлээ.

“Жэй Си Ай” байгууллагын Ази-Номхон далайн чуулган энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд болох гэж байна.

Тус чуулганд оролцохоор дэлхийн 51 орны 3,500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа ажээ.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Зочдын ирэх угтах, визийн асуудал, зохион байгуулалтын асуудал зэрэг дипломат ёслолын үйл ажиллагааны чиглэлээр Гадаад Харилцааны Яамны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үндсэндээ хурлын бэлтгэл ажил хангагдсан гэж хэлж болно.

3,500 зочноор дамжуулан дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, Монгол Улсынхаа бизнес эрхлэгчдийн боломжийг нээх, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ гадаад харилцааг өргөтгөх, холбоо тогтоох, Монгол залууст дэлхийн томоохон байгууллагын төлөөлөгч залуустай хамтран ажиллах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой” хэмээв.

JCI байгууллагын Монгол дахь салбарын ерөнхийлөгч П.Батхишиг “Бид JCI байгууллагын Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтыг зохион байгуулах нь манай улсад нэлээд олон ач холбогдолтой.

JCI бол дэлхийн 120 гаруй оронд салбартай, 200,000 гаруй гишүүнтэй, саяас илүү дэмжигчтэй байгууллага.

Манай Монгол Улсад 1992 онд салбар байгууллагыг бий болгосон. Чуулганы үеэр бид олон олон үндэсний байгууллагын улс орон, нийгэмдээ хийж бүтээсэн сайн сайн өөрчлөлтүүдийг хэлэлцэж, туршлага солилцоно.

120 улсын идэвхтэй залуусын сүлжээгээр бид Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилна. Сурталчилгааны тал дээр богино хугацаанд сайн үр дүн гарна гэж бодож байна” гэлээ.

JCI байгууллагын ерөнхийлөгч Давн Хэтзэл “Манай байгууллага гишүүнчлэлийн хувьд ихэвчлэн 18-40 насны залуус байдаг.

Энэхүү чуулганы гол онцлог бол JCI байгууллагын дэлхийн өнцөг булан бүрээс залуус хуран цуглаж, өөрсдийн туршлага, мэдлэгийг солилцдог. Бидний хамтын ажиллагаанд улс үндэстний хил хязгаар үгүй, бүгд нэгдэн ажилладаг.

Ази-Номхон далайн чуулган бол дөрвөн бүсэд явагддаг чуулганаас зохион байгуулалтын цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог.

Ази-Номхон далай бүсийн чуулган боловч бусад бусад бүсээс ирж оролцогчдын тоо олон байгаа гэдгийг хэлмээр байна.

Тэгэхээр дэлхийн маш олон орноос залуу удирдагчид чуулж, бие биенийхээ хэл соёл, мэдлэг боловсролоос суралцах боломжийг олгож байгаа юм” хэмээн тайлбарлалаа.

“Жэй Си Ай 2017 АСПАК” чуулганы үеэр залууст өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, хаана ямар бизнесийн боломж байна, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвээр сургалт болж, сургалтад хамрагдсан залууст “JCI”-ийн сургалтын байгууллагаас сертификат олгох юм.

Үүнээс гадна бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийнэ. Мөн Ерөнхий ассамблей болж, үүнд 1,800 гаруй төлөөлөгчид албан ёсоор оролцон “JCI’’-ийн 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөөг гаргах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *