Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийгээр хайж байсан М.Л.Клойбер тагнуулынхны хамар дор нас барж, Д.Цогтбаатарыг хэлмэгдүүлсэн үү гэдэг асуудал үүсэв

-ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ-

ХБНГУ-ын иргэн М.Л.Клойбер гэгч эрийг интерполоор эрэн сурвалжилж байсан билээ. Түүнийг 13 сая евротой Монголд ирээд сураггүй болсон гэдэг. Гэтэл дэлхийгээр нэг эрэн сурвалжилж байсан өнөөх эр Монголд амьдарч байсан гэртээ нас барсан нь энэ долоо хоногийн шуугиан байлаа.

Монголд ирээд л сураггүй болсон гэж байсан хүн тагнуулынхны хамар дор байсан нь тэдний яаж ажилладгийг дэлхийд харуулах шиг боллоо. Үүнээс гадна М.Л.Клойберын гэх хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг удаан хугацаанд хорьж шалгасан. Тодруулбал, М.Л.Клойберын хэргийг шалгах явцад түүний хамтран амьдрагч Ё.Гантуяа гэгчээс их хэмжээний мөнгө авсан, залилсан гэх үндэслэлээр Д.Цогтбаатарыг анх шалгаж эхэлсэн. Улмаар уг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Д.Цогтбаатарыг 2013 онд хоёр сар цагдан хорьсон. УМБГ-т хэргийг шалгаж байгаад авлига авсан гэх үндэслэлээр 2014 оны дөрөвдүгээр сард АТГ руу шилжүүлж батлан даалтад байсан Д.Цогтбаатарыг дахин хорьсон билээ. Хэдэн сарын турш цагдан хорьж мөрдөн байцаасны дараа Д.Цогтбаатарт холбогдох М.Л.Клойберын гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өөр үндэслэлээр дахин шалгаж, ял оноосон. Гэтэл эрэн сурвалжилж байсан хүн нь Монголд тодорхой хаяг дээр олон жил хэвтэж, хорт хавдраар нас барсан нь тодорхой боллоо. Тагнуулынхан хамар дороо байсан хүнийг анзаараагүй атлаа энэ хэрэгт холбогдуулан өөр нэгнийг хэлмэгдүүлсэн үү гэдэг асуудал үүсэв.

Я.БАТСУУРЬ НАМЫНХАНДАА ЗАХИДАЛ БИЧСЭНИЙ ДАРАА БАТЛАН ДААЛТАД ГАРЛАА

“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хоёр сар хоригдоод уржигдар батлан даалтад гарлаа. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ удаа дараа өгсөн ч шүүх хүлээж аваагүй. Өөрийг нь үндэслэлгүйгээр цагдан хорьж байна гэж үзээд өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлэх гэсэн боловч ШШГЕГ-ынхан хүлээж аваагүй гэдэг. Мөн хүний эрх зөрчиж байгаа талаар НҮБ-д хандахаар төлөвлөж байгаа талаар нь ч ойрын эх сурвалж хэлсэн. Энэ бүхний дараа тэрбээр намынхандаа хаяглан захидал илгээсэн. Захидалдаа хуулийн байгууллагаар шалгуулж нэр төрөө цэвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Өөрийг нь үндэслэлгүйгээр хорьж байна гэж “Монголын төрд 30 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсний дараахилс хэрэгт шоронд сууж байгаадаа гомдолтой байна” гэж онцолсон. Намынхан нь ширүүхэн үгтэй захидал хүлээж аваад УИХ дахь бүлгийн хурлаараа нэлээд удаан хугацаанд хэлэлцсэн гэдэг. Түүнийг цагдан хорих шүүхийн хугацаа уржигдар дууссан бөгөөд прокурор дахин сунгах хүсэлт гаргаад байсан юм. Гэвч шүүхээс Я.Батсуурийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргалаа. Түүнийг “Говь Повер” компанитай холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж байгаа билээ.

МОНГОЛД БИЗНЕС ЭРХЭЛДЭГ СОЛОНГОСЫН ИРГЭН ДАРАМТАД ӨРТСӨН ГЭВ

Монголд бизнес эрхэлдэг Солонгосын иргэн компанид нь ажиллаж байгаад халагдсан эмэгтэйн дарамтад өртсөн талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Газар хэвлий” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Таня өнгөрсөн ням гаригт нөхрөөсөө гадна 15 залуутай бүлэглэн Дархан-Уул аймгийн Баянгол сумын нутагт Солонгосын иргэн Ким Чол Куныг машинаас нь буулган, амь насанд нь заналхийлж, хүчээр машиндаа суулгаж барьцаалсан аж. Улмаар түүнийг компанийнхаа бичиг баримт, тамга тэмдгийг өгөхийг шаарджээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Дарамтад өртсөн гэх Ким Чол Кун өнгөрсөн лхагва гаригт хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлсэн. Харин Т.Таня хариу мэдээлэл хийхээр өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулжээ.

ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН ЯЛ СОНСОВ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн даваа гаригт хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр гурван жил хорих ял оноолоо. Мөн түүнтэй хуйвалдан тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх“Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор, энэ хэрэгт оролцсон ЭМЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхтуул нарт хоёр жил хорих ял оноожээ. Мөн гурван шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүнийг цагаатгажээ. Н.Түмэндэмбэрэлийг бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагдсан юм.

ЕСӨН ДАВХАР БАЙШИН НУРЖ, 250 ХҮН ОРОХ ОРОНГҮЙ БОЛОХ АЮУЛ НҮҮРЛЭВ

Баянгол дүүргийн XIV хорооны нутагт байдаг 16дугаар байр хазайлт өгч хэзээд нурж болзошгүй аюулд орсон учраас Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн лхагва гаригт яаралтай хуралдаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүллээ. Есөн давхар барилга хазайж, нурах дөхсөн нь “Би Жи Би Жи” компани барилга барихаар хаяанд нь гүнзгий нүх ухсанаас үүдсэн. Тус компанид барилга барих бүх зөвшөөрлийг төрөөс олгочихсон байдаг. Цонхыг нь хааж барилга барих гэж байгааг эсэргүүцсэн 16 дугаар байрны оршин суугчид жилийн өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж байсан төр төлөөлөгчид таг дүлий байсан. Эцэст нь 250 хүн орох оронгүй болоход хүрч, төр өөрийнхөө зардлаар оршин суугчдыг нүүлгэн зочид буудалд байрлуулж байна.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *