Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийг өөрчилж буй технологийн хувьсалуудыг танилцуулж байна

Шинэ дэвшилтэт технологи бол зөвхөн технологи сонирхогчдын анхаарлыг татаад зогсохгүй дэлхийн хэмжээнд тухайн салбартаа өөрчлөлт авчирч чадаж байгаа юм. Бидний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилж чадах технологийн хувьсалууд шинээр бий болсоор байгаа.

1820 оны үед хүн төрөлхтөн 35 орчим л насалж, дэлхийн нийт хүн амын 94 хувь нь нэн ядуу түвшинд амьдарч, 20 хувиас ч бага нь бичиг үсэг тайлагдсан байв. Харин өнөөдөр хүн төрөлхтөн амьдрах хугацаагаа 70 ба түүнээс дээш жилээр таамаглаж, 80-аас дээш хувь нь бичиг үсэг тайлагдсан байна. Эдгээр хөгжил дэвшлийг технологигүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд технологи аж үйлдвэрлэлийн үеэс өнөөгийн мэдээллийн эринд ч үргэлжлүүлэн хөгжсөөр байна. Дэлхийг цаашид илүү ихээр өөрчилж, хүн төрөлхтнийг халамжлах олон гайхалтай технологиудаас танилцуулж байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Хиймэл оюун ухааныг ихэвчлэн Amazon, Baidu, Google, Microsoft гэх мэт том компаниуд болон зарим старт-апууд л ашиглаж байна. Бусад компаниудын хувьд энэ төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь өртөг өндөртэй бөгөөд хөдөлмөр шаардсан ажил байдаг. Харин хиймэл оюун ухааны технологийг Cloud серверт нэвтрүүлснээр илүү олон компаниуд хэрэглэх боломжтой болох юм. Энэ төрлийн технологийг ашигласан Amazon Web Services, Google Cloud, Microsoft Azure платформууд хэрэглээнд нэвтрээд эхэлчихсэн.

Хиймэл оюун ухаанд суурилсан системийг одоогийн байдлаар технологийн салбарт түлхүү ашиглаж байгаа ч ойрын ирээдүйд анагаах, эрчим хүч, аж үйлдвэрийн салбаруудад нэвтрүүлэх боломж харагдаж байна.

ДРОН БА НИСДЭГ МАШИНУУД

“GPS”-ийг анх цэрэг армийн зориулалтаар ашиглаж эхэлсэн бөгөөд одоо цагт газрын зураг, зүг чигээ олох гэх мэтээр ашиглаж байна. Үүний нэг адил дрон ч цэргийн зориулалтаасаа хальж өргөн хүрээнд хэрэглэгдэж, энгийн хүмүүс ашиглах болсон. Жишээлбэл, дроныг гүүр, өндөр хүчдэлийн шугам зэргийг шалгах, байгалийн гамшигт өртсөн газруудыг тогтоох, хулгайн антай тэмцэх зэрэг олон аргаар хэрэглэх болов. Сүүлийн жилүүдэд Хөдөө аж ахуйн салбарт ихээр ашиглах болжээ. Ийм дрон нь кино зураг авалт, армид ашигладаг дронуудаас ялгаатай. Хэт ягаан туяаны тусламжтайгаар хаана ургац хугацаандаа ургаж буйг, эсвэл хаана ургахгүй байгааг олж илэрүүлдэг байна. Мөн эл дрон нисэж байхдаа элдэв хортон шавьжийг хүртэл устгах хүчин чадалтай.

The Terrafugia TF-X нисдэг машин (source)

Нисдэг машиныг дронтой харьцуулахад мэдээж овор хэмжээ ихтэй. Үйлдвэрлэх материал, зай (цэнэг), мөн үйлдлийн систем зэргээс шалтгаалан нисдэг машин өнөөдөр бидний ашиглаж буй онгоц, эсвэл нисдэг тэргээс хавьгүй илүү, бас хүртээмжтэй байж чадна.

ӨӨРИЙГӨӨ ЖОЛООДДОГ МАШИН

Өөрийгөө жолооддог машинууд нь хүн машиныг жолоодохоос илүү эрсдэл багатай. Ойрын 3-5 жилийн хугацаанд эдгээр нь илүү аюулгүй, бас хүмүүс голчлон өөрийгөө жолооддог машиныг илүүд үзэх төлөвтэй байна. ДЭМБ-ын тооцоогоор жилд 1.25 сая хүн авто тээврийн ослоос үүдэлтэй шалтгаанаар энэ хорвоог орхих болжээ. Тэдгээрийн тэн хагас нь явган хүн, унадаг дугуй, мотоцикл машинд мөргүүлсэн тохиолдол байдаг. Түүнчлэн 15-29 насны залуучуудын үхлийн шалтгаан нь авто машины осол болдог.

20 дугаар зуунд машин бидний амьдралыг өөрчилсөнтэй адил өөрийгөө жолооддог машин ч мөн адил 21 дүгээр зууны томоохон хувьслын нэг байх нь гарцаагүй. Ихэнхи тохиолдолд хотуудын ашиглах боломжтой зай талбайн 20-30 хувийг машиныг байрлуулахад ашигладаг бөгөөд машиныг ашиглах хугацааны 95 хувь нь зогсоол дээр өнгөрдөг байна. Өөрийгөө жолооддог машиныг цаг үргэлж хэрэглэх боломжтой (гар утасны аппликэшний тусламжтайгаар) буюу зогсоолын хэрэгцээг эрс бууруулна. Машинууд хоорондоо холбоотой байх бөгөөд ингэснээр осол аваар гарах эрсдэл, замын түгжрэл ч мөн багасна. Таны жолоо барих хугацаа багассанаар боловсрол, ажил, найз нөхөд гэх зэрэг бусад зүйлд зарцуулах цаг нэмэгдэнэ.

ЧАНАРТАЙ ЦАХИМ БОЛОВСРОЛ

Их сургууль, коллежийн үнэ жил ирэх тусам тэнгэрт хадаж байгаа хэдий ч ухаалаг утастай хэн бүр ямар ч сэдвийн хүрээнд үнэгүй хийгээд өдрөөс өдөрт чанаржиж буй онлайн боловсрол олгох контентийг үзэх боломжтой болжээ.

Британника хэмээх нэвтэрхий толь 1400 ам.долларын үнэтэй байсан. Гэтэл одоо зүгээр утаснаасаа хэдхэн товч дараад л Wikipedia-г ашиглаж байна шүү дээ. Хуучин код бичиж сурахын тулд заавал сургуульд явах аль эсвэл ном худалдаж авах шаардлагатай байсан бол одоо 40 сая гаруй программистуудын нэгдэл болсон Stack Overflow ороод л хүссэн асуудлынхаа хариултыг олж чадаж байна. Youtube л гэхэд топ их сургуулиуд, багш мэргэжилтэн нарын бэлтгэсэн сая сая лекц, зааварчилсан бичлэгээр дүүрэн билээ.

Онлайн боловсролын чанар нь цаг ямагт улам хурдацтай сайжирч байгаа юм. MIT л гэхэд өнгөрсөн 15 жилийн турш 2000 гаруй хичээлийн лекц, материалуудыг бүгдийг нь бичиж хадгалж авсан аж.

ИЛҮҮ ТЭЖЭЭЛЛЭГ, ЧАНАРТАЙ ХООЛ ХҮНС

Зөвхөн хагас кг үхрийн мах боловсруулахын тулд бид 6809 литр усыг ашигладаг гэвэл та итгэх үү. Бидний амьдралын нөхцөл, эрүүл мэнд улам бүр сайжирч, хүн амын тоо хурдацтай өсөх хэрээр хэрэглээ ч даах хэмжээнээс давах тийш хандаж буй нь нууц биш. Энэ асуудлыг шийдвэрлэхээр сүүлийн жилүүдэд хоол хүнсний шинэ техник, технологиуд ихээхэн бий болж байна. Энтрепренерүүд уламжлалт хоол хүнсийг орлох илүү байгалд ээлтэй, шим тэжээл ихтэй цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгосоор байгаа юм. Эдгээрийн зарим нь олны дунд аюултай хэмээн бишгүй хэлмэгддэг генийн өөрчлөлтийн үр дүнд бүтээгдсэн. Pew байгууллагаас гаргасан судалгааны үр дүнд эрдэмтэн судлаачдын 88 хувь нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг ямар нэгэн аюулгүй хэмээн дүгнэсэн байна.

Хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой өөр нэгэн сайхан мэдээ бол тариаланг заавал гадаа хийх шаардлагагүй болсон явдал юм. Нарны эрчим хүч, мэдрэгч, гэрэл, автоматчилал, хиймэл оюун ухааны салбарт гарсан олон гайхалтай амжилтуудын үр дүнд дотор тариалан эрхлэх шинэ сонголт үүсжээ. Уламжлалт тариалантай харьцуулахад дотор тариалан эрхлэх нь даруй 10 дахин бага ус, газар ашигладаг. Цаг агаараас хамааралгүй тул жилд хэдэн ч удаа ургац авах боломжтой гэнэ шүү.

АНАГААХ УХААН

Компьютер нь анагаах ухааны салбарт судалгаа, бүртгэлийн ажлаас өөр онц үүрэггүй гэж тооцдог байсан үе саяхан. Харин одоо компьютерийн хүчин чадлыг эм тариатай хослуулж салбарын томоохон нээлтүүд хийгдэж байна. 15-хан жилийн өмнө хүний геномын дарааллыг тогтоох нь 3 тэрбум долларын өртөгтэй байсан бол өдгөө 1000 ам.доллар болтлоо буурч, цаашид ч үргэлжлэн буурах төлөвтэй байна. Ойрын ирээдүйд генийн дарааллыг тогтоох нь анагаахын шинжлэх ухааны салшгүй нэг хэсэг болох биз ээ.

Генийн дараалал тогтоосны үр дүнд гаргаж авсан асар их хэмжээний датаг янз бүрийн чадвартай програм ашиглан анализ хийж байна. Жишээлбэл, нэг програм л гэхэд хүний цусны сорьцыг ашиглан хорт хавдрын эрт илрүүлдэг аж. Магадгүй ирээдүйд хувь хүн бүрт хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг нь ч зааварчилдаг болох байх. Компьютер нь мөн аливаа өвчин эмгэгийг оношилж илрүүлэхдээ гарамгай болж байна. Саяхан л гэхэд эмч нарын илрүүлж чадаагүй маш ховор өвчинг хиймэл оюун ухааны систем 20 сая гаруй хорт хавдарын архивыг шүүн давтагдаж буй шинжүүд дээр тулгуурлан оношилсон байна.

ЯВГАН ЗОРЧИГЧИД ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭВ

Лондон хотын “West End” дүүрэгт эрчим хүчээр хангах зориулалт бүхий дэлхийн хамгийн анхны ухаалаг гудамжийг байгуулах ажил дуусч, ашиглаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, тус гудамжны явган замыг эрчим хүч үүсгэх Pavegen-ний хавтангуудаар хийж гүйцэтгэсэн юм. Явган зорчигчид Bird Street гудамжаар явж өнгөрөхдөө зориулалтын аппликейшнд холбогдож, тэдний хөлийн алхаа хэчнээн хэмжээний эрчим хүч гаргаж буйг үзэх боломжтой аж.

Pavegen-ийхэн Bird Street гудамжинд ойролцоогоор 10 м.кв орчим талбайд хавтан суурилуулжээ. Энэ нь хүний алхалтын хүчийг эрчим хүч рүү хувиргаж, ойр орчмын газруудын гэрэлтүүлгийг асаах болон шувуудын чимээг дуугаргах хүчин чадал бүхий цахилгааныг үйлдвэрлэх юм. Энэ технологийг олон улс хэрэгжүүлж эхлээд байна.

М.АМАРЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *