Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийг хөглөсөн “KAWAI” төгөлдөр хуур Монголд албан ёсны нээлтээ хийлээ

Японд төдийгүй дэлхий даяар алдартай “KAWAI” брэндийн төгөлдөр хуурыг Монгол Улсад албан ёсоор худалдаалах салбарын нээлтийн ёслол “Blue sky” цамхгийн байранд өчигдөр боллоо. Манай орны хөгжмийн зах зээлд шинэ уур амьсгалыг бий болгож, нийгмийн гоо зүйн боловсролд томоохон хөрөнгө оруулалт болж байна гэж мэргэжилтнүүд үнэлж байсан. Тэрчлэн төгөлдөр хуур тоглоочдод мэргэжлийн хөгжмөөр уран бүтээлээ туурвих, Монголын ирээдүй хойч үед дэлхийн шилдэг төгөлдөр хуураар хичээллэх боломжийг нээж өглөө гэх хүмүүс ч байсан. “KAWAI” брэндийн нээлтэд “KAWAI” компанийн ерөнхийлөгч Хиротака Кавай, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Монголын урлаг спортын алдартнууд оролцсон юм. Нээлтийн ёслолд ОХУ-ын алдарт төгөлдөр хуурч Элмар Гасанов болон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Курита нар урилгаар хүрэлцэн ирж хоёр тивийн төгөлдөр хуурчид нэг тайзан дээрээс тоглолтоо хүргэсэн нь гайхалтай сайхан сэтгэгдлийг төрүүлж байсан.

Япон улсын “KAWAI” компани нь төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг 88 жилийн түүхтэй. Компанийн үүсгэн байгуулагч Койчи Кавайн туйлын хүсэл эрмэл­зэл нь “Kawai” хэмээх энэхүү нэрийг төгс төгөлдөр, цоо шинэ гэсэн утга агуулгад дүй­цүү­лэхийг чармайж иржээ. Тийм ч учраас үргэл­жид шинэ дуугаралт, шинэ технологи, чанартай материалыг эрэлхийлсээр ирсэн “KAWAI” компанийн мастерууд төгс төгөлдөр ур хийцтэй мэргэжлийн төгөлдөр хуурыг бүтээгээд зогсохгүй ирээдүйн төгөлдөр хуурыг бүтээнэ гэсэн зорилгынхоо дагуу модон материалаас 50 дахин бат бөх “ABS” болон карбон, Polyacetal зэрэг материалуудыг гарган авч, шилэн төгөлдөр хуур, анхны CD бичлэгийн төхөөрөмжтэй төгөлдөр хуурыг бүтээгээд байгаа аж.

Тус компанийн үйлдвэр­лэлийн технологи, материалыг бусад хөгжмийн брэндүүд болон “Toyota”, “Lexus” зэрэг автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа нь тэдний бүхний түрүүнд алхдагийн жишээ гэнэ. Эл брэндийн төгөлдөр хуур нь дэлхийд нэр хүндтэй театрууд, урлагийн их дээд сургуулиуд, дэлхийн шилдэг төгөлдөр хуурчдын сонголт болж яруу тансаг дуугаралтаараа хүний зүрх сэтгэлийн нандин утсыг хөндөн эгшиглэсээр байгаа юм байна. “KAWAI”-г борлуулалтын салбарын нээлттэй давхцуулан 50 жилийн туршлагатай, дэлхий даяар 5700 салбартай “KAWAI” хөгжмийн сургуулийн салбарыг Монголд нээсэн нь бас нэг бэлгэшээлтэй үйл явдал байсан. Энэхүү төгөлдөр хуурын сургалтын стандартыг нэвтрүүлснээр хүүхдийг зургаан сартайгаас нь эхлэн хөгжмийн боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх төгөлдөр хуурчдыг сургаж хөгжүүлэх боломж бүрджээ.

Урилгаар ирж тоглосон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Куритагийн тухайд гэвэл Токиогийн Урлагийн их сургуулийн хөгжмийн сургуулийн магистрант, туслах багшаар ажилладаг нэгэн аж. Тэрээр Японы хөгжмийн 77 дугаар их наадмын тэргүүн байр, “АВС” шинэ шилдгүүдийн концертын гран при, төгөлдөр хуурын олон улсын “Tbilisi-5” уралдааны тусгай шагнал, “Yomiuri” төгөлдөр хуурын наадмын тэргүүн байрын шагналыг тус тус хүртсэн, Arvid Gast зэрэг дэлхийн шилдэг хөгжимчидтэй хамтран тоглолт зохион байгуулж байсан Японы нэрт төгөлдөр хуурч юм.

Л.ЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *