үн төрөлхтөн жилд 26 тэрбум тонн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэг. Амьдрахын тулд эрчим хүч хэрэгтэй, эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс хүчлийн хий ялгаруулахаас өөр арга байхгүй. Ядууст тусалж, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээхийн төлөө буяны ажилд гар татдаггүй Билл Гейтсийн том мөрөөдөл нь нүүрс хүчлийн хэмжээг тэг болгох. Өөрөөр хэлбэл эрчим хүчний цоо шинэ технологи, эх үүсвэр гаргаж ирэх нь түүний зорилго. Тэр хэдэн жилийн өмнө “Шинээр гарч ирж байгаа сэргээгдэх болон цөмийн эрчим хүчнээс бусад одоо ашиглагдах бүх арга нүүрсхүчлийн хий гаргана. Тиймээс, дэлхийн түвшинд бидний хийж чадах зүйл бол шинэ систем бий болгох юм. Бидэнд эрчим хүчний гайхамшиг хэрэгтэй” гэсэн үг унагаж байв. Түүний эзэмшдэг “Терра повер”-ын зүгээс ураны багахан хэсэг буюу нэг хувийн U-235 изотопын оронд 99 хувийг нь эзлэх U-238-ыг шатаая гэсэн санаа гаргаад буй. Дэлхийн тэрбумтан энэ солиотой санаагаа боломжтой болохыг супер компьютерийн тусламжтайгаар нотолчихсон. Хэрвээ түүний санаа ажил болвол хүн төрөлхтөн ураны хаягдал гэсэн толгойны өвчнөөсөө тун ашигтайгаар сална. Нүүрсхүчлийн хийгээ арилгасан шигээ эрчим хүчээ шийдэж ураны хаягдлаасаа салчихна гэсэн үг. Билл Гейтс “Шатдаг хэсгийг нь шатаачихсан 99 хувийн хаягдлыг ядуурсан уран гэдэг. Энэ зүйл АНУ-ын эрчим хүчийг хэдэн зуун жил хангах болно. Хямд процессоор далайн усыг шүүх төдийхнөөр дэлхийг үлдсэн бүх хугацаанд нь хангаж чадах түлштэй болж чадна” гэж итгэлтэй дуугарсан удаатай. Тэр мөнгөө заран “тэг рүү” хүрэхээр тэмүүлж яваа шалтгаанаа “Хэрвээ бид энэ хүслийг сонгохгүй бол алсын болон ойрын эрмэлзлэлт хүмүүсийн ялгарал, АНУ ба Хятадын, ядуу болон хөгжилтэй орнуудын хоорондын хуваагдал аймшигтай болно” хэмээн тайлбарласан юм. Билл Гейтсийн мөрөөдлийг цааш нь ухвал төсөөллөөс хэтийдсэн том ажил, төлөвлөгөө гарч ирэх байх. Юутай ч түүний нүүрсхүчлийн хийг тэг болгох тэмүүлэл ажил болно гэдгийг дэлхийн учир мэдэх улс толгой дохин хүлээж авч байгаа. Гуч, дөчин жилийн дараа ажил болно гэсэн таамаг хугацаа ч дуулддаг. Энэ удаа Билл Гейтсийн тэмүүлээд буй цөмийн эрчим хүчний дараагийн гайхамшгийг биш нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй сэргээгдэх эрчим хүчний онцлох технологиудаас багцлан хүргэхээр бэлдлээ.
САНСАРТ БАЙГУУЛАХ НАРНЫ СТАНЦ
Дэлхийд нэг цаг гучхан минутанд ирж буй нарны энерги хүн төрөлхтний бүтэн жилийн энергийн хэрэглээг хангана гэсэн сонирхолтой статистик байдаг. XII зуунд нарнаас ирсэн цацрагийг төвлөрүүлэн үүссэн эрчим хүчээр нь явдаг машин зохион бүтээсэн, 1913 онд Америкийн зохион бүтээгч Франк Шуман ус татах насос ажиллуулах зориулалттай анхны нарны дулааны цахилгаан үүсгүүрийг Египетэд барьсан, АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жимми Картер цагаан ордын дээвэр дээр ус халаагч нарны коллектор суурилуулах шийдвэр гаргаж нарнаас эрчим хүч гаргаж авах технологийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж ирээд яривал төдийгөөс өдий хүртэл хүн төрөлхтөн нарнаас эрчим хүч гаргаж авах оролдлогыг хийсээр иржээ.
Нарнаас ялгарч буй дулааныг ашиглан эрчим хүч гаргаж авах технологи сайжирсаар байна.Хүн төрөлхтний хэрэглэж буй нарны зайн хавтанг өнгөрсөн зууны наяад оноос хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй. Нарны хамгийн том эрчим хүчний үйлдвэрүүд АНУ-Морокко, Испани гэх мэт улсуудад ажилладаг. Нарны дулааныг ашиглаж эрчим хүч гаргасан олон янзын арга, технологи бий. Сонирхуулж хэлэхэд нэлээд хэдэн жилийн өмнө Непалийн 18 настай залуу хүний үсийг ашиглаж нарны цахилгаан үүсгүүрийн хавтан зохион бүтээж байж. Тэр бүтээсэн хавтанаа 23 фунтээр үнэлсэн нь тухайн үед зах зээл дэх нарны хавтангийн үнээс дөрөв дахин хямд байсан гэдэг. Непалийн залуу хүү “Дэйли мэйл”-д ярилцлага өгөхдөө “Үс бол нарны эрчим хүч хураах хавтангийн дамжуулагч болж чадна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ хувьсал авчрах зүйл гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үс нарны хавтангийн силиконыг орлож чадна. Ингэснээр нарны хавтангийн үнэ хямдрах боломжтой. Эхлээд гэрээ, дараа нь тосгоноо гэрэлтэй болгоно. Тэгээд дэлхийн тухай бодно доо” хэмээн ярьж байжээ. Хүн төрөлхтөн энэ мэтээр нарны гэрлийг ашиглаж эрчим хүч гаргаж авах технологийг илүү хямд болгохоор шаргуу ажиллаж байна. За тэгээд нарны эрчим хүч цуглуулдаг шил, хуйлагдаж хураагддаг нарны хальсан хураагууртай зөөврийн утас цэнэглэгч гэх мэт жижиг хэрнээ содон сонин шийдлүүд өчнөөн дуулддаг. Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд ч анхаарал татаж буй. Бага оврын роботуудаар нарны энерги хүлээн авагч хавтангуудыг нарны тусгалын дагуу чиглүүлэх боломжтой тухай яриад эхэлчихсэн. Өнөөдрийн тухайд хавтан бүрийг мотороор чиглүүлдэг юм. Хэрвээ роботуудыг амжилттай туршвал нарны энергийг ашиглан эрчим хүч гаргаж авах ажил илүү хялбар, зардал багатай болох юм.
Нарны эрчим хүч ашиглалт технологио дагаж өөрчлөгдсөөр байгаа. Америкт гэхэд л орон сууцны дээвэр дээрх нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг өргөн ашигладаг. Харин бизнесийнхэн зардлаа бууруулахын тулд нарны зай хураагуураас эрчим хүч үйлдвэрлэж байна. Эрчим хүч үйлдвэрлэгчид төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахын тулд нарны эрчим хүчний том станцуудыг байгуулж буй. Нарны энергийн ашиглах технологийн хувьд нарны фото цахилгаан үүсгүүр, төвлөрүүлэгчтэй нарны дулааны үүсгүүр гэсэн хоёр янз байдаг. Манай улсын тухайд нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг малчид өргөн хэрэглэдэг. Бүр энгийнээр тайлбарлавал нарны хавтан гээд ойлгочихож болно. Хоёр дахь технологийг нарны эрчим хүчний станцууд ашигладаг. Нарны цацрагийг ойлгогч толинуудын тусламжтайгаар хүлээн авагч нэг цэгт төвлөрүүлэн өндөр температур гарган авснаар эрчим хүч үйлдвэрлэдэг юм. Манай улс нарны цацрагийн нөөцөөрөө дэлхийн улсуудын дунд хэсэгт жагсдаг ч цэлмэг өдөр олонтой учраас нарны фото цахилгаан үүсгүүр, нарны дулааны цахилгаан үүсгүүрийн чиглэлээр ажиллах боломжтой.
Ирээдүйд ашиглана гэж яригдаж буй бас нэг сонирхолтой шийдэл бий. Тэр нь сансарт суурилагдсан нарны цахилгаан станц. Энгийнээр хэлбэр сансарт байрлуулсан нарны эрчим хүч цуглуулагчаас энергийг богино долгион болгон дэлхий рүү дамжуулах арга. Дэлхий дээр нарны эрчим хүч цуглуулснаар хавьгүй өгөөжтэй арга хэмээн яригдаж байна. Дэлхийд нарны эрчим хүч ирэхдээ агаар мандлын олон давхаргад өөрчлөгдөн сулардаг учраас ашиг өгөөж нь их гээд байгаа аж. Сансарт суурилагдсан нарны станцын туршилт 2025 онд хийгдэж, судалгаа 2027 оноос эрчимжиж 2028 оноос хэрэглээнд гарах боломжтой гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлээр хөвөрч байна.
ДАВАЛГАА, ТҮРЛЭГИЙГ Ч АШИГЛАЖ БУЙ УСНЫ ЭРЧИМ ХҮЧ
Дэлхийн улс орнууд усны урсгалыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэсээр байна. Усны энергийг эрчим хүчний зориулалтаар XIX зууны сүүлээс ашиглаж эхэлжээ. Дэлхийн бүх голын усны эрчим хүчний потенциал 190000ТВтц/жилээр хэмжигддэг аж. Хүн төрөлхтөн энэ чадлын есхөн хувийг ашигладаг гэсэн статистик байна. Усан цахилгаан станцыг үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ, барилга байгууламжийнх нь овор хэмжээнээс хамаарч том оврын, бага оврын, микро, усан цэнэгт, далайн гэж тав ангилдаг юм байна. Манай улсад бага, дунд оврын усан цахилгаан станцууд ажилладаг. Дөргөн, Тайширын станцууд дунд оврын станцдаа багтана. Хамгийн их буюу 10200-22500 MW эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий усан цахилгаан станцууд БНХАУ, Бразил, Португал, Венесуэлд ажиллаж байна. Дэлхийн усан цахилгаан станцыг Хятадын Гурван хавцлын усан цахилгаан станц тэргүүлдэг. Уг станц 22500 МВт хүчин чадалтай. Үүний дараа жагсч буй станцуудын хүчин чадал 14000 МВт, 10235 МВт, 8370 МВт-аар яригдаж буй. Тодруулж хэлбэл Гурван хавцлын усан цахилгаан станц бусдаасаа хол тасархай хүчин чадалтай гэсэн үг.
Далайн усан цахилгаан станцын хувьд далайн давалгаа түрлэг, дулаан, давсны нөөцөөс эрчим хүч гаргаж авах шинэ технологиуд нээгдсээр байгаа аж. Хөвөгч хэлбэрийн усан цахилгаан станц ч гэж бий. Ийм станц боомт барих, цементэн суурь цутгах гэх мэт нэмэлт зардалгүйгээр ажиллуулах боломжтойгоороо давуу талтай гэнэ. Далайн гүнээс аргамжаатай эрчим хүч үүсгүүрүүдээр дамжуулан далайн түрлэгийн хөдөлгөөнийг ашиглаж эрчим хүч гаргаж авах технологийг байгаль орчинд хор хөнөөл багатай гэж онцолж байгаа юм. Түрлэгийн энергийн хамгийн том станц бол Францын хойд нутагт орших “La Rance”. Их Британид найман газарт ийм станц ажилладаг. Сайн судалж, нарийн төлөвлөж чадвао оргил ачаалалд ажиллах боломжтой гэж мэргэжилтнүүд онцолдог. Давалгааны энергийн ашиглах технологи ч сонирхолтой, хэрэгтэй шийдэл болж чаджээ. Энгийнээр зүйрлэвэл далайн гадаргуу дээр үүсч байгаа давалгааг ашиглан эрчим хүч гаргаж авахыг хэлээд байгаа юм. АНУ, Англи, Швед, Испани, Португал, Израиль, Грек зэрэг орнуудад энэ технологийг ашиглаж байна. Далайн үргэлжилсэн давалгааг цахилгаан эрчим хүчрүү хувиргах арга дээр тулгуурласан уг технологи нэлээд ирээдүйтэйд тооцогдож буй. Учир нь нар, салхины технологиудын дэргэд илүү бага талбай эзлэх боловч ижил хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой технологи юм.
ТЭЭРМЭЭС АВАРГА ТУРБИН ХҮРТЭЛХ 4000 ЖИЛ
Анхны салхины тээрмийг 4000 жилийн өмнө ашигласан гэхээр хүн төрөлхтөн их эртнээс салхины энергийг ашиглаж эхэлжээ. Англи манай эриний өмнөх 900-гаад оны дундас салхины энергийг ашиглаж байж. Францад XI зуунаас ашигласан баримт бий. Хүн төрөлхтөн түүхийнхээ эхэнд салхины энергийг гүний ус татах насос, салхин тээрэм зэрэгт ашиглаж байжээ. Харин дараахнаас нь далбаат усан онгоцонд ашигласан түүхтэй. Өнгөрсөн зууны далаад оны газрын тосны үнийн хямралаас хойш өөр төрлийн эрчим хүчний эх үүсвэр хайх ажил эрчимжсэн юм. Орчин цагийн салхин турбинууд энэ эрлийн дүнд гарч иржээ. Зөв газар байрлуулж ашиглаж буй салхин турбинууд өдгөө уламжлалт дулааны цахилгаан станцуудтай өрсөлдөхүйц хэмжээнд очоод байна.
Салхины эрчим хүч ашиглалтыг хуурай газрын болон далайн парк гэж хоёр ангилдаг аж. Гэхдээ далайн салхин турбин бүх салхин эрчим хүчний төхөөрөмжийн 1.9-хөн хувийг эзэлдэг. Ирээдүйд ч ийм харьцаатай байна гэсэн таамаглал дуулддаг. 2035 он хүртэл баригдах салхин турбины 80 хувь нь хуурай газарт баригдана гэсэн төлөвлөгөө бий. БНХАУ, Энэтхэг, АНУ, Румын, Англи зэрэг улсад 539-6000 MW хүртэл хүчин чадалтай салхины эрчим хүчний үйлдвэрүүд ажиллаж байна.
Салхин турбины цамхаг өндөр байх тусам илүү их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Ийм шалтгаанаар салхин турбинууд илүү өндөр, илүү том хэмжээтэй болж байна. Гэхдээ гангаар хийвэл илүү өртөгтэй гэсэн тооцоо бий. Зуун метрийн өндөртэй дэлхийн хамгийн анхны модон салхин турбин цамхагийг Герман “Хановерд” компани барьж байгуулсан юм. Энэ цамхаг 1000 орчим айл өрхийн цахилгааныг хангаж чадахаар хүчин чадалтай.
Манай улсын хувьд “Салхит” салхин станц Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж төвийн бүсийн эрчим хүчний хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлж байна. Хоёр дахь салхин цахилгаан станц нь Өмнөговийн “Цэций” юм.