Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийг айлгасан Хятадын хямрал Монголд ийм эрсдэлтэй

Хятад улс
хөрөнгийн зах зээлийнхээ саяхны огцом уналтын шокноос гарч чадахгүй байна. Урд
хөршийн Ардын банк хөрөнгийн зах зээлээ аврах гэж 150 тэрбум
юань нийлүүлээд ч өөдрөг зураг харагдах янз алга. 150 тэрбум юань гэдэг бага
мөнгө биш. Америк ногоонд шилжүүлбэл 22.4 тэрбум ам.доллар. Шанхай дахь
“Jinkuang” хөрөнгө оруулалтын менежмэнтийн төвийн ахлах стратегич Занг Хайдонг
юанийн ханшийг сулласан, бодлогын хүүг бууруулсан ч ямар нэг өөрчлөлт алга, зах
зээл сул дорой хэвээр байна гэсэн байр суурийг саяхан илэрхийлснийг хэвлэлээс
харж болно. Юаниар үнэлэгдсэн олон тооны хөрөнгө үнэгүйдэж мэднэ гэсэн
болгоомжлол Хятадын хөрөнгийн захынханд байна.

Шинжээчид Шанхайн түүхэн уналтыг түүхий эдийн үнийн
уналт, үйлдвэрлэлийн компаниудын хэцүүхэн байдалд орсонтой холбон тайлбарлаж
байгаа юм. Хөрөнгийн захын уналтаас болж дэлхийн хөрөнгө оруулагчид урд хөршөөс
мөнгөө татаж байгаа гэх мэдээлэл ч хөврөөд эхэллээ. Америкийн хөрөнгийн биржийн
сангаас гэхэд л 15 сая ам.долларыг буцаан татжээ. Хөрөнгө оруулалт үргэж
байгаатай холбоотой бас бус муу мэдээлэл ч олонд ил болж буй. Хятадын том
компаниуд олон жилийн турш захиалгат аудит хийлгэж хуурамч тайлан гаргаж ирсэн,
энэ хэрэгт 1300 гаруй компанийн удирдлагыг сэжиглэж буй тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад
эхэлчихсэн. Хятадууд Америк, барууны том хэвлэлд төлбөртэй мэдээлэл байршуулж
хөрөнгө оруулагчдын тархийг угаасаар ирсэн гэх баримт ч дуулддаг. Өчнөөн жил хуурамч аудитад итгэж
ирсэн хувьцаа эзэмшигчид ашгаа бэлэн
мөнгөөр авахгүй болоод ирэнгүүт айдас, эргэлзээнд орсон гэх тайлбар бас байна.
Тэдний айдас эргэлзээ Хятадын хөрөнгийн зах дээр үүссэн шокийн шалтгаан болсон
гэх нь бий.

Ер нь Хятадад
хөрөнгө оруулалт хийхэд хоёр том зовлон байдаг. Дэд бүтэц дээр ямар ч
асуудалгүй учраас энэ салбарт нь хөрөнгө оруулах шаардлагагүй. Үйлдвэрлэлд нь
шинэ технологи нэвтрүүлье гэхээр далд саадтай. Тэрбумаар яригдах иргэнтэй улсын
хувьд шинэ технологи нэвтрүүлэх эрсдэлтэй учраас цаагуураа ийм бодлогод таатай
ханддаггүй гэх гээд байна л даа. Шинэ технологи нэвтрэх хэрээр үйлдвэрт ажиллах
хүний хэрэгцээ багасна. Компаниуд ашигтай ажиллахын тулд шинэ технологи нэвтрүүлээд
байвал өчнөөн хүн ажилгүй болж байдал одоогийнхоос ч дордоно. Бүр барьж
дийлэхгүй хэмжээнд хүрнэ. Хөрөнгө оруулалт хийхэд саадтай хоёр дахь шалтгааныг
нь ийм тайлбар дагадаг.

Хятадын хөрөнгийн
зах зээлийн хямралын эхлэл нь ипотекийн зээл дээр илэрсэн юм. Саяхны тоогоор 90
гаруй сая хүн орон байраа алдсан гэх мэдээлэл сонсогдсон. Ипотекийн зах зээлд үүссэн уналтаас болж том үйлдвэр дагаж баригдсан орон сууцны хорооллууд мэдрэгдэхээр түргэн хугацаанд
эзэнгүйдээд эхэлчихсэн зовлон бий. Үл хөдлөх зах зээлийнх нь хямрал эрчим хүч,
нүүрсний салбар гээд цаашилж буй нь манайд хамаатай хямрал болчихож байгаа
юм. За тэгээд хэцүү байдалд орсон том
компаниудаас болж банкууд гол харилцагчдаа алдаж, зээлийн үйлчилгээгээ
хумьчихсан, банкуудын эвгүй байдал барилгын салбарт нь цохилт болчихсон гэж
ирээд яривал таагүй жишээ өчнөөнийг дурдаж болно. Нэгэнт үүсчихсэн хямралаа
гадаадад хөрөнгө оруулах замаар нөхөх бодлогыг Хятадын төрөөс хэрэгжүүлж
байгаа. Голлож хөрөнгө оруулж байгаа улс нь Африк, Латин Америк. Энэ бодлогын
нэг бодитой жишээ нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэдэг. Дэд
бүтцээс эхлээд хөрөнгө оруулах орон зай ихтэй манай улсын хувьд урд хөршийн
удирдлагаас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд хамтрах ямар боломж байгааг
судлахад гэмгүй. Ганц Хятад ч биш дэлхийг цочроосон айхавтар хямралаас гарз
багатай сугараад үлдэх гарцын нэг байж мэднэ.

Хятадын хямрал
үргэлжилж, бодлого баригчид нь юанийн ханшаа хоёр дахин суллаж ч мэднэ гэсэн
таамаг хүчтэй байгаа. Ийм тохиолдолд урд хөршдөө эрдсээ зарж амьдардаг манай
улсын хувьд сайн муу алинаар нь ч нөлөөлж мэднэ. Энэ хэвээрээ авдгаа аваад
явбал мэдээж манайд ашигтай. Эсвэл юанийн ханшаа суллачихаад зэс, нүүрсний
худалдан авалтаа багасгаж магадгүй. Хоёр дахь нь амьдралд биеллээ олбол манай
эдийн засагт цохилт өгөхөөр алхам болох нь ойлгомжтой.

Олон улсын банк,
санхүүгийн байгууллагынхан Хятадын хямрал дэлхийн эдийн засагт муу нөлөө
үзүүлнэ гээд дуугараад эхэлчихлээ. Олон улсын валютын сан гэхэд л урд хөршийн
хэцүү байдал дэлхийн орнуудад бодож байгаагаас ч илүү дарамт учруулж мэдэхийг
үгүйсгэсэнгүй. Уг нь тэд дэлхийн эдийн засгийг 3.4 хувиар өснө гэж таамаглаж
байсан юм. Харин одоо энэ таамаглалаа 3.3 гэж бууруулаад байна. Хятадын эдийн
засгийн өгсөхөөргүй дүр зураг ANZ банкийг ч таамгаа эргэж харахад хүргэжээ. Тус
банк дэлхийн эдийн засгийг 2017 онд дөрвөн хувиар өснө хэмээн тооцож байж. Тэд
таамгаа 3.5 болгож бууруулаад байна. 2017 онд 3.5 хувийн өсөлттэй байна гэхээр
байдал мөддөө сайжрахгүй гэсэн үг. Тэд энэ хэмжээнээс ч бага хувь руу орохыг
үгүйсгээгүй. Байдал тэгтлээ муудахгүй гэж найдах л үлдлээ. Хятадын эдийн
засгийн одоогийн өсөлт 6.8 хувь байгаа. Өнгөрсөн жилийн 7.4-өөсөө эрс буурсан
хувь. Зарим шинжээч Хятадын эдийн засгийн өсөлт бодит байдал дээрээ гурван
хувьтай гэсэн гутранги тоо хэлээд эхэлчихсэн. Магадгүй энэ тоо үнэн нь
батлагдвал дэлхийн эдийн засаг шинжээчдийн таамаглаж байгаагаас ч муудах том
эрсдэл байгаа.

Хятадын эдийн
засгийн таагүй байдлын нөлөө хамгийн хүнд тусч байгаа нь нефть, зэс, нүүрс,
өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлт. Манай улсад эмзэг нөлөөлж байгаа нь
мэдээж зэс, нүүрсний үнийн бууралт. Дээр нь төмрийн хүдэр, алт гээд яривал бас
бус эрдэс бий. Хятадын удирдлагууд экспортынхоо өрсөлдөх чадвараа дэмжинэ,
дотоодын үйлдвэрлэлээ бусдаас илүү анхаарна гэсэн мэдэгдэл хийж хорин жилд анх
удаа юанийн ханшаа сулруулсан. Шинжээчдийн таамгаар үндэсний валютын ханшаа
ахиад сулруулбал экспортоо дэмжих, дотоодын үйлдвэрлэлээ бусдаас илүү үзэж,
гаднаас авах экспортоо багасгах бодлого нь илүү эрчимжиж таарна. Тэр хэрээр
нүүрс, зэсээ зараад олдог хэд маань эрс багасна гэсэн үг. Энэ бол Хятадын зах
зээлээс манайд мэдрэгдэх хамгийн том шок. Зэсийн хувьд одоогийн байгаа
4900-гаас уруудвал манай зэсийн зах зээлд илэрхий сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь
Эрдэнэт үйлдвэр аль хэдийнэ нэг тонн зэс гаргахад зардаг мөнгөнөөсөө бага үнээр
зэсээ зарж байгаа. Оюу толгойн хувьд зардал нь бага учраас Эрдэнэт шиг
хэцүүдэхгүй. Гэхдээ зэсийн үнэ буурах хэрээр тэндээс төсөвт орж ирэх мөнгө
буураад явах нь тодорхой.

Нүүрсний үнийг
энэ зах зээлийнхэн навс унасан гэж тодорхойлж буй. Манай хэдэн уурхай таг
зогссон нь үнэ ямар байгааг гэрчлэх том жишээ. Нүүрсний зах зээлээ сэргээх
сонирхол байвал өөр л дөө. Таван толгойг Хятад, Японтой нийлээд хөдөлгөчихсөн
бол ирэх жил нүүрсээ Хятад руу гаргана гээд амар суух байлаа. “Шинхуа”
Монголтой хамтарна гэж дуугарсан учраас амар гээд тодорхойлчиход хэтрүүлэг
болохгүй. Таагүй мэдээ дуулгахад нүүрсний зах зээл ирэх жилд ч сайнгүй байх нь.
Хятадын нүүрсний зах зээл дэх хүндрэлийн хамгийн том хохирогч нь мэдээж
Австрали. Учир нь энэ улс Хятадад нүүрс нийлүүлж мөнгө олдог гол орны нэг.
Австралийн төв банкны бодлогын хүү нь өмнө байснаасаа огцом доошилсон ч австрали доллар өнгөрсөн жилийнхээс 25 хувиар
унаад байгаа нь нүүрсний зах зээл хэр муудсаны нэг том жишээ.

Хятадын зах зээл
муудах нь шууд утгаараа ийм таагүй нөлөө үзүүлнэ. Шууд бус утгаараа эдийн
засгийн харилцаа, том төслүүдэд ч таагүй нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Манай дээр
гэхэд л Таван толгой байна. Монголын нүүрсийг Хятадын зах зээлтэй холбох гүүр
нь “Шинхуа”. Сүүлийн үед эдийн засаг нь эвгүйрхэж, таагүй байдал нь санаснаас
удаан үргэлжилсэн хэвээр байгаа учраас Хятадын удирдлагууд гэнэтийн, цочмог
гэмээр шийдвэрүүд гаргах болсон. Саяхны тод жишээ нь юанийн ханшаа хоёр хувиар
сулласан шийдвэр. Магадгүй бусад улстай хамтрахаар ярьж буй том төслүүд дээрээ
ч хэцүү хатуу яриа үүсгээд эхэлж мэдэх юм.

Хятадын үйлдвэрлэлийн үнэ дефляц үүсгэх хэмжээнд
хүрсэн гэх таагүй мэдээ дуулдаж байгаа. Үнэгүйдэл нүүрлэх эрсдэл өндөр болсон
гэсэн үг. Хятад гэдэг аварга зах зээлтэй холбоотой энэ мэт таагүй мэдээнүүд
цаашдаа ч олон сонсогдоно гэж шинжээчид сануулсаар байна.

Хятадаас халиад
ярихад олон орны Засгийн газрууд хямралын цагт дааж дийлэхээргүй өр тавьчихсан.
Монгол ч өр ихтэй улсын тоонд эргэлзээгүй багтана. Улс орнуудыг хэрсэн өрийн
сүлжээ дэлхийн тамирдсан эдийн засгийг улам туйлдуулна гэж учир мэдэх улс яриад
эхэлснийг анхаарахгүй өнгөрч болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *