Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд данстай тамирчдын анги

“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн үндэсний бөхийн ангийн 2015 оны төгсөлтийн хамт олныг “Нэг ангийнхан” буланд онцолж байна. Онцлохын учир нь энэ ангиас дэлхийн хошой аварга Б.Бадралаас авахуулаад тив дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай олс таталтын олон улсын хэмжээний мастер Т.Дүгэрдорж, Э.Сумъяабат, Ч.Энхмөнх нарын шилдэг тамирчид төрж гарсан юм.

2012 он. Улсын арслан Б.Ганбат улсын наадамд түрүүлж байсан үе. Аралтай арслангийн ид хавыг харж бахархсан олон хүүхэд бөх болохоор зориг шулуудаж зодог өмсөж байв даа. Үндэсний бөхийн шинэ үеийн шилдгүүд төрж гарсан “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн үндэсний бөхийн ангид Увс, Архангай, Булган, Баян-Өлгий, Ховд, Завхан, Дорнод, Хэнтий гээд эх орны өнцөг булан бүрээс цугласан 30 гаруй залуус элсэж байж, тэр жил. Сум орныхоо дов дошинд тодорчихсон хүүхдүүд том бөх болох зорилго өвөртөлж гавьяат багш Бүдээбазарын Адьяахүүд шавь орсон нь энэ ажээ.

Зарим нь бөх болох дүрээ олж ядаж яваа, хэсэг нь ч барилдах эв дүй хараахан сууж амжаагүй хүүхдүүдээр эхлээд уян хатан чанар суулгах, тэвчээрийн дасгал түлхүү хийлгэнэ. Ирээдүйд бэртэл гэмтэл авахаас нь сэргийлсэн багшийнх нь ухаан энэ байж. Эд дээд курсийн ах нартайгаа бэлтгэл хийнэ. Улсын аварга Э.Оюунболд, аймгийн хурц арслан Э.Номиндалай, аймгийн арслан Л.Жамбал нарын шилдгүүдтэй гэсэн үг шүү дээ. Эхэндээ ч гарыг нь ч нугалж чадахгүй өнхрөөд өгнө. Аажимдаа бас чиг дугтрахад нь тохойлдчихооргүй хэмжээнд хүрсэн байна. Алсуураа чангарч байсан нь тэр байж. Сумын цолтнуудын барилдаанд хаа нэг гарна. Эв нь таарвал ганц нэг давчихдаг болжээ.

Ганц нэг давсан хүүхдүүд амжилтандаа урамшина. Барилдаан бүрийг хүлээнэ. Харамсалтай нь хөдөө орон нутгийн тарчигхан оюутнуудад автобусны мөнгө тэр бүр олдохгүй. Бөхийн өргөө орж барилдахын тулд “Аварга” лицей сургуулийн доод ангийнхныхаа автобусны картыг авна. Ингээд л цүнхээ үүрээд Бөхийн өргөө рүү явдаг байж. Нэг удаа эдний ангийнхан доод ангийнхныхаа картыг аваад л автобусанд сууж л дээ. Алтангэрэл гэж Архангайн сумын заан залуу картаа уншуулахад “Хүүхэд” гэж дуугарахад нь жолооч “Сахал үс болчихоод яахлаараа хүүхдийн картаар яваад байдаг юм” гэж уцаарлаад хөөгөөд буулгаж байсан удаатай гэнэ. Өнөөх нь ч нөхдийнхөө араас алхаж очоод шаггүй сайн барилдаад байныхаа мөнгөөр зардал хийгээд нүүр бардам харьж байж байсан удаатай гэнэ.

Эдний ангийнхны ихэнх нь дотуур байранд амьдардаг байж. Дотуур байрны хүүхдүүдэд хоногийн хоолоо залгуулах гэж амаргүй ажил бий. Барилдаж ноцолдоод байнд авсан таван төгрөгөөрөө хоол аваад хуваагаад идчихнэ. Харин хоёрдугаар курсийнхээ намар Багануурын тийш жуулчны баазад өндөр байтай барилдаан болох сураг дуулдаж л дээ. Эдний ангийн Ч.Энхмөнх, Б.Бадрал, Э.Сумъяабат, Э.Алтангэрэл нар чимээгүйхэн байж байгаад л барилдаан дөхөнгүүт гараад явчихаж. Ангийн дөрөв ч үзсээр байгаад л их шөвөгт ч шалгарч. Сүүлдээ Энхмөнх нь түрүүлж Бадрал нь үзүүрлэсэн байна. Байнд ирсэн дугтуйнуудаа нээгээд хартал тус бүрт нь 100 доллар хийчихсэн байжээ. Өнөө хэд тэр дор нь “Барс” зах орж өвлийн идшээ базааж гэдэс цатгалан онд орж байсан гэнэ.

Дэлхийн хошой аварга Б.Бадрал багш Ш.Наранбатын хамт

Хоёрдугаар курст анги удирдсан багш Б.Адьяахүү шавь нарыгаа олс таталтын спортоор давхар хичээллүүлжээ. Т.Дүгэрдорж, Э.Сумъяабат, Ч.Энхмөнх, Э.Цэнд-Аюуш, Ц.Чинзориг нарын баг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлчихэж. Ингэснээр эх орноо төлөөлж тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна. Монгол орноо төлөөлж тивийн дэвжээнд өрсөлдсөн залуус гялалзаж хэсэгтээ ур чадвараа олон улсад гайхагддаг Тайванийн багийг хожиж шуугиан тарьжээ. Тайванийн багийн тухайд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн Азидаа л ноёрхдог байжээ. Харин байнд авсан мөнгөөрөө өвлийн идшээ зохицуулдаг монгол оюутнуудад ховх татуулж хулхи нь бууж байжээ. Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж төрийн далбаагаа Тайванийн тэнгэрт мандуулж байсан түүх эдний ангийнханд бий. Өнөө хэд дараа жил нь тивийн аварга шалгаруулах тэмцээнд дахин оролцож амжилтаа бататгажээ. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд мандуулсан залуусыг олон улсын хэмжээний мастер цолоор шагнасан байна. Гартаа бүлтэй, шуундаа бяртай хүн сайн бөх болдог гэх хууччуулын яриа байдаг. Энэхүү ангийнхан энэ цагт сайн барилдаж байгаа нь үүнтэй холбоотой байдаг биз. Олс таталт нь гарын атгалт, тэнцвэр бас тэвчээр шаарддаг спортын төрөл юм.

Ангийнхны Азийн дэвжээнд үзүүлсэн амжилтыг сийрүүлэхэд ийм. Харин Дорноговь аймгийн харьяат Баасандоржийн Бадрал гэж залуу сумо бөхөөр дэлхийн хошой аварга болж том гавьяа байгуулж байсан. Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2015 онд Улаанбаатарт зохион байгуулагдахад дөрөвдүгээр курсийн оюутан Б.Бадрал аварга болохыг зорьж барилдсан ч санасандаа хараахан хүрсэнгүй, хүрэл медаль хүртжээ. Харин 2017 онд Польш улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад олон орны шилдэг тамирчдаас говийн хүчтэн онцгойрч дэлхийн аварга болж дутуугаа гүйцээсэн байна. Аварга хүүгээ нутаг орныхон ч хүлээн авч найр наадмыг нь өргөн дэлгэр тэмдэглэжээ. Ангийн нөхөд нь ч бүгд очиж найзынхаа баярыг хуваалцсан байна. Тэрбээр энэ онд сумо бөхийн эх орон Японд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад мөн л түрүүлж амжилтаа бататгажээ. Б.Бадралын хувьд сонирхогчдын сумо бөхөөр дэлхийд танигдсан бол үндэсний бөхөөр ч шаггүй сайн барилддаг нэгэн. Улс аймгийн цолтнуудын нэгэн барилдааны үеэр улсын арслан П.Бүрэнтөгс дунд зэргийн нуруутай зассан шагай шиг биетэй залуутай оноолт таарав. Арслан шилдээд дугтрахад нь давхар хамаад зассан шагай шиг залуу тугны зүг гүйж байсан нь дэлхийн хошой аварга Баасандоржийн Бадрал байсан юм. Арслан ч инээд алдаж, толгой сэгсрээд элэг бүсээ тайлж байсныг бөхийн хорхойтнууд санаж байгаа байх. Тэр зунаа Дорноговьд болсон томоохон барилдааны гурвын даваанд Бүрэнтөгс арслан өнөөх залуугаа дахиад амлах нь тэр. Бадрал хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг ганц мэхээ даалгаад нутгийн олныхоо уухайн түрлэг дор туг тойрч байсан удаа бий. Тэрбээр өнгөрсөн зун аймгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цолд хүрсэн билээ.

ХОС АРСЛАНТАЙ БОЛОВ

Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Э.Сумъяабат 2018 онд аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн нь ангийнхны тухайд аз өм нь нээгдсэн хэрэг байжээ. Үүний дараа 2019 оны бүх цэргийн наадамд Завхан аймгийн Отгон сумын харьяат Т.Дүгэрдорж Өвөрхангайн Б.Цэдэнсодномоор найм даван түрүүлж цэргийн арслан цол хүртсэн юм. Мөн өнгөрсөн зун Чулуунтөмөрийн Энхмөнх төрөлх нутаг Сүхбаатар аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна.

Аварга сургуулийн үндэсний бөхийн энэ ангийн хамт олон анх “Аймгийн цолыг бол авчихна. Амьдралаа зориулж зүтгэж байгаагийнх улсын цолтой л бөх болно” гэж өөр хоорондоо ярилцдаг байжээ. Өнөөдөр Баян-Өлгийн Б.Бейбит, Баянхонгорын Цэрэндорж, Дорноговийн Б.Бадрал нар аймгийн харцага, Завханы Д.Баярбат аймгийн начин цолд тус тус хүрээд байна. Харин Хэнтий аймгийн харьяат Ц.Чинзориг аймгийнхаа наадамд хоёр ч удаа дөрөв давжээ. Харин сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлж манлай сумын заан болсон байна. Тэрбээр энэ оны аравдугаар сарын сумын цолтнуудын барилдаанд үзүүрлэсэн юм.

Эдний ангийнханд дутуу зүйл нь улсын цолтон л байна. Булган аймгийн Биеийн тамирын дунд сургуулиас “Аварга” сургууль руу элсэн суралцаж төгссөн Энхбатын Сумъяабат гэж элдсэн сур шиг хийцтэй арсланг улсын том цолд хүрнэ гэж ангийн нөхөд нь итгэл хүлээлгэдэг юм билээ. Сумъяабатын тухайд өнгөрсөн наадмаар гурав даваад улсын аварга С.Мөнхбатад тахим өгсөн. Шуурхай барилдаантай арсланг удахгүй том бөх болно гэж багш дасгалжуулагчид үнэлдэг юм билээ. Т.Дүгэрдорж, Д.Баярбат, Ч.Энхмөнх нараас өгсүүлээд том цолд хүрэх ирээдүйтэй залуус энэ ангийн төгсөгчид дунд олон байна. Тэд том цолд хүрсэн цагт Б.Адьяахүү багшийн хөдөлмөр үнэлэгдэж ардын багш болох цаг тийм холгүй л санагдах.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *