Хүн төрөлхтөн бүхий л цаг үедээ эвлэрэл буюу дундын гарц олох гэж явж ирсэн. Одоо ч тийм. Алдах нь бий ч онох нь дийлэнх байдаг. Орчин үед илүүтэй эвлэрлийн төлөө зүтгэх болж. Хамгийн сүүлд дэлхийгээрээ анхаарал хандуулсан эвлэрэл бол Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын ерөнхийлөгч Трамп хоёрын уулзалт байна. Хагас жилийн өмнө цөмийн дайн хийх юм ярьцгааж, кноп дарахад бэлэн гэж ил цагаан хэлж байсан. Хэзээ ч эвлэрэхгүй юм шиг байсан Трамп, Ким Жөн Ун хоёр өнөөдөр хэлэлцээ хийгээд сууж байна. Энэ үйл явдлыг сүүлийн тавин жилд болж буй хамгийн том эвлэрлийн нэг гэж ажиглагчид үзэж байгаа юм билээ. Ким Жөн Ун үүний дараа “Японтой хэлэлцээ хийхэд бэлэн” гэж мэдэгдлээ. Дайны ирмэг дээр дэнжигнэж байсан улс орнууд ингэж эвлэрлийн гараа сунгалцаж байна. Дахин уулзаж ярилцана гэж байна. Колумбын партизанууд ширэнгэн ой руугаа гарч, Засагтайгаа зөрчилдөн тавин жил үймээн дэгдээж байснаа сая бууж өгч, эвлэрлээ. Пёнчаны өвлийн олимпоор Хойд, Өмнөд Солонгос нэг туган дор жагсав. ОХУ-д болж байгаа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр ОХУ-ын тэргүүн В.Путин Горбачевын үеэс мөргөлдөөнтэй байж ирсэн Азербайджан, Армений ерөнхийлөгч, ерөнхий сайдыг гар барилцуулж харагдана лээ. Талибанчууд Афганы Засгийн газрын тэргүүнүүдэд хандаж армадан сарын үед ямар нэг зэвсэгт мөргөлдөөн хийхгүй гэдгээ мэдэгдэж хэлсэндээ хүрсэн. Хэзээ ч эвлэрэхгүй мэт дайсагналцаж, дайтаж байсан улс орнууд эвлэрэл рүү явж байна.
Харин түүхээс харахад талцал хуваагдал хэзээ ч сайн сайхныг авчирч байсангүй. Үүнд Монголынх ч, дэлхийнх ч хамаатай. Монголд шашин хоорондын мөргөлдөөн гээд байх юм алга. Үндэстэн ястны мөргөлдөөн гэх юм алга. Тэгсэн мөртлөө байнгын хэрүүл тэмцэл Монголоор нэг өрнөж байна. Бүх л салбарт шүү. Бүр гэр гэртээ талцаад үзэж тарна. Саяхан УИХ дахь олонхын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, А.Ундраа гишүүн хоёр сошиалаар муудалцав. Гишүүн асан М.Зоригт одоогийн “УИХ дахь хүүхнүүд бандаашны асуудлаар тодрох гэж байна. Бид сохор биш шүү” гээд сошиалд жиргэтэл гишүүн А.Ундраа “УИХ дахь эмэгтэй гишүүдийг энд доромжилж, ёс зүйгүй юм ярьж байхынхаа оронд АН-ынхаа бүсгүйчүүдийг уриалж, Муратынхаа өргөдлийг өгүүл” гэв. Тэгээд ч болоогүй “Ам нээвэл уушги нээе” гэж байгаад экс гишүүн М.Зоригтыг эмэгтэй хүний зураг жиргэдгийг шүүмжилтэл төд удалгүй М.Оюунчимэг гишүүн “Ундраа гишүүнээ наад шоугаа боль. Ам нээвэл уушги нээе гэж та хэллээ. Охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн аймшигт тохиолдлууд, Дүнжингаравын морин уралдаанд хохирсон хүүхдүүдийн талаар юу ч дуугараагүй биз дээ” гэж хошуу нэмэн жиргэснээр хүмүүс өлгөж аваад шаагилаа. МАН-ын фракцуудын хагарлын илрэл, 33, 32-ын бүлгийн талцал уу гэлцэв. Нэг намыг дангаар шахуу ялуулаад байхад дотроо ингээд 32, 33-аар талцаад өөрөө өөрсдийнхөө Засгийг унагачихна. Унасан хэд нь шинэ засгаа ажил хийлгэхгүй байнга хэрүүл тэмцэл хийж, хор хутгана. Тэрний, энэний фракц гэдэг нь бүр тоймоо алдсан. Арав хориороо бүлэг, фракц болоод нөгөө хэдээ ажил хийлгэхгүй. Зөв байна уу, буруу байна уу, алиныг нь ч харгалзахгүй байнга эсэргүүцнэ.
Улс төрийн хэрүүл талцал эвдрэлцлээ дагаад ард түмэн нь цэнхэр, улаанаараа хуваагдах юм. Хоёр том нам нь талцах энүүхэнд. МАХН нь Н.Энхбаяр, О.Баасанхүү гэж хоёр талцав. Ид насны шижигнэсэн, боловсролтой залуус ХҮН гэж нам байгуулаадахлаа. Сонгуулийн өмнөх судалгаагаар өнөөх шинэ нам нь овоо рейтингтэй гарчихсан чинь алаагүй баавгайн арьсыг хуваах дээрээ тулж, хагаралдан тойрог булаацалдаад, дунд нь ах намуудын тоглолт орж, Босоо С.Ганбаатар давхиж Очиж хачир нэмээд аль ч үгүй болгож орхисон доо.
Дээр нь нутаг хошуугаараа талцана. Ядуус нь баянаа үзэн ядаж, баян нь ядуугаа дорд үзнэ. Хөгшчүүл нь залуусаа шүүмжилж, залуус нь ахмадаа хүндлэхгүй. Спорт нь төрөл төрөлдөө хоёр хуваагдчихсан. Эхний жишээ сагсан бөмбөг, хоёр хуваагдаад хөгжихөө байсан. Тэмцээн уралдаанаа хоёр талд хийнэ. Бөхчүүд нь бөмбөгөр оройтой, дугуй байшингаа тойроод хоёр талцчихсан. Бас тэрүүхэндээ жалга довны хуваагдалтай, барууныхан, зүүнийхэн болцгоочихсон байх жишээтэй. Наадмаар түр эвлэрээд буцаад талцах юм яриад сууж байх. Зохиолчид нь чөлөөт, хүлээтээрээ хоёр хуваагдаад, тусдаа найргийн наадам хийнэ. Анх удирдлагуудаа, ахмад зохиолчдоо, хуучинсаг, шударга биш байгааг, танил тал харж, шагнал урамшуулал өгдөг, авьяасыг дардаг, Болор цом наадмын шагналын эзэд түрүүлж тодордог зэргийг шүүмжилж, гарч ирсэн. Хуучин зохиолчдоо шүүмжилж, шинэчлэл өөрчлөлт хийхээр ардчилсан үзэлтэйнүүд нь хэлээд нэмэр болохгүй болохоор тусдаа Чөлөөт зохиолчдын холбоо байгуулаад гарсан. Үүсгэн байгуулсан хэд нь бурхны оронд очих нь очоод бусад нь ингэс тэгэсхийгээд л явж байна. Энэ хэдийгээ Зохиолчдын хорооныхон нь нэг нүдээрээ үзэхгүй. Угтаа бол аль аль нь Монголын зохиолчид. Бөхчүүд нь үнэхээр Монгол бөхийн хөгжилд санаа тавьдаг бол дундын хувилбараа олох хэрэгтэй шүү дээ. Хэрэлдэж байгаа хоёр талын хэнийг ч гэлгүй эвлэлдэн нэгдэх алхам хий л дээ. Заавал хэрэлдэж байгаа талууд Монголын бөхийн холбоог авч явах ёстой ч юм биш шүү дээ. Том улстөрчид, бизнесмэнүүд нь хэзээ ч эвлэрэхгүйгээр биесээ зууна. Нэг нь гайгүй бизнес эрхлэх гэхээр нь заавал садаа тээг болдог. Х.Баттулга, MCS-ийн Ж.Оджаргал хоёр бол аль аль нь хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Дагагчтай, шүтэн бишрэгчтэй, дайсантай, муу сайнаар хэлдэг түмэн олонтой. Нэг нутаг усны, нас жигдэрсэн энэ хоёрын хэрүүл мөн ч олон хөгжлийн чагт болж байна. Нэг нь өөр юм яриад тээг болчихно. Энэ хоёр хүн ширээний ард өөд өөдөөсөө харж суугаад дундын хувилбараа яримаар байна шүү дээ. Оюу толгойгоо чи ингэ, Таван толгойгоо би ингэе, төмөр замаа би ингэе, хар замаа чи ингээд тавьчих гээд ярьчихаж болмоор юм. Таван толгойгоос болж тэд анх муудалцсан. Ингээд тэр нь сүүлдээ Монголын эдийн засаг, улс төрийг ч хувааж нөлөөлөөд эхэлсэн дээ. Эдийн засаг макро түвшинд харьцангуй сэргэж байгаа ч микро түвшинд ерөөсөө ахихгүй байгаа. Энэ нь бизнесмэнүүдийн зөрчилдөөнтэй холбоотой. Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллага нь бас дотроо хуваагдчихсан. Овоо нэг бизнесийнхэн нь нэгдэж, ухаалаг алхам ярих нь гэсэн тэгсэнгүй. Хуваагдаагүй салбар гэж байхгүй. Багш, эмч нар хүртэл хуваагдчихсан. Ажил хаяна гэж нэг хэсэг нь хэлэхээр эрх баригч намыг дагадаг хэд нь дэмждэггүй, нөгөө талдаа суучихдаг. Ингээд нэгдэж өгдөггүй.
Ингэж аль аль нь нөгөөгөө хүлээн зөвшөөрөхгүй, баруун зүүний орой дээр гарч суучихаад танайх, манайх, АН-ынх, МАН-ынх гээд энэ сайхан тайван амгалан эх орондоо өдөр шөнөгүй талцаж байх юм. Ингэж хоёр үзүүртэй байж болохгүй ээ. Дундын орой дээрээсээ гарч хараад үз. Юм өөр харагдана.Харж байгаа сууж байгаа газраасаа хараад байвал энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй ээ. Би л биш бол чи биш шүү. Би сонгуульд ялаагүй бол чамайг ялсны дараа татаж унагана. Чи тэр том төслийг авч байгаа бол би чамайг мөн ч хийлгэх байх даа гээд л үзэж тараад байна. Би муу байвал бусад нь адилхан муу байх ёстой гэж бусдыгаа үргэлж хорлож байдаг. Надаас бусад нь хохирч байх ёстой гэсэн би гэсэн үзлээ бид болгомоор байна.Би хохирсон бол надтай өрсөлдөгч Дорж, Дондог бүүр их хохирох ёстой гэнэ. Намууд нь зөвхөн улс төр хийнэ. Улсынхаа төлөө нэг ч сайн юм хийхгүй. Хэн нэг нь сайн зүйл хийвэл дараа сонгуульд ард түмнээс оноо авчихна гээд өнөөхийг нь ёстой баллуурдаж өгнө. Эсвэл тээг болоод хэвтчихнэ. Хэн нэг нь муу үйл хийж байвал өөгшүүлнэ гэж жигтэйхэн. Энэ бүхэн нийгэмд маш хортой тусч байна. Монголчууд бүгдээрээ нийгэмших хэрэгтэй байна. Суурин соёлд суралцах хэрэгтэй байна. Нэгэнт суурин иргэншлээр амьдрах замыг сонгочихоод нүүдэлчин сэтгэхүйгээрээ байгаад байвал энэ бүхэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би хожихгүй бол тэд хожихгүй гэдэг үзлээсээ салж нийтээр хожъё гэсэн бодолтой болохгүй бол болохгүй нь ээ.Нийгэм сайхан бол, нийтээрээ сайхан байх гэж хичээвэл өөрт нь ч гэсэн ашигтай байдаг. Ертөнцөд ганцаараа хождог гэсэн ойлголт байдаггүй. Дийлэнх нь хожсон тохиолдолд иргэншсэн нийгэм оршин тогтнодог. Манайд хоёр том баян нь биесээ үзэхгүй. Тэр хоёрын муудалцаанаас нийгэм нь ядуурдаг. Ядуурсан нийгэмдээ өнөөх баян амьдрахын аргагүй болдог. Яг өнөөдрийн Монгол ийм л байгаа. Баян хүнд дуртай хүн нэг ч байхгүй. Харсан болгон харааж, эдэлж хэрэглэж байгаа, сайн сайхан явааг нь шүүмжилнэ. Угтаа хийсэн бүтээснийг хүлээн зөвшөөрдөг, дундын хувилбараа олох хэрэгтэй. Дэлхий эвлэрэл өөд явж байхад бид эвдрэлцлийн замаар энэ янзаараа явбал өөд нар харахын эцэсгүй болно. Зөвхөн чиний л зөв гэж байдаггүй. Хоёр туйл болж, эвдрэлцэл өөд мацахынхаа оронд дундын хувилбараа олж, эвлэрэл өөд мацъя.