Цас мөсөөр хучигдан сая, сая жилийг өнгөрөөсөн эзгүй их туйл болох Арктик яагаад сүүлийн үед дэлхийн томчуудын анхааралд өртөн, эзэн суух гэсэн орнуудын тоо нь эрс ихсэх болсны шалтгаан юу вэ.
27 сая км хавтгай дөрвөлжин талбайг эзэгнэн орших хязгааргүй их цас мөсний орон Арктикт асар их нефть, шатдаг хий, ураны орд байдаг ч олборлох боломжгүйгээс шалтгаалан шунахай хүмүүсийн сонирхлыг хөлдөөсөөр ирсэн. Гэтэл сүүлийн хэдэн жил дэлхийн дулаарал хурдацтай явагдаж өчигдөр боломжгүй гэж байсан газар өнөөдөр мөс зүсэгчгүй хөлөг онгоцууд чөлөөтэй зорчиж болдог болсон нь Арктикийг эрхшээх гэсэн улсуудын сонирхлыг сэдрээх болжээ. Уг нь Арктик газар зүйн байрлалаараа Канад, АНУ, Орос, Норвеги, Дани улсуудад тухайн улсынхаа эргийн түлхэцийн хол ойроос шалтгаалан хамаарагддаг байж. Гэвч 1982 онд батлагдсан Дэлхийн далай, тэнгисийн конвенцийн дагуу ихэнх хэсэг нь олон улсын статустай болсон агаад энгийнээр хэлбэл хэнийх ч биш, хэнд хамаарагдахгүй гэж өөрчлөгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео өнгөрөгч зун Финланд улсад айлчлахдаа “Энэ бүс нутаг засаглалын төлөөх хамгийн том өрсөлдөөний талбар боллоо” гэж байсан бол Путин дараахан нь Орос орны хөрөнгө оруулалтын арван хувийг Арктикийг эзэмшихэд зориулна гэж мэдэгдэж байв. Эдгээр асуудлуудын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын талаар Америкийн The National Interest сэтгүүлийн шинжээч Майкл Лайонсын нийтэлсэн материал Арктикийн өнөөгийн нөхцөл байдлыг ойлгуулахыг хичээсэн гэдгээрээ анхаарал татлаа. Уг материалын сонирхол татсан хэсгүүд:
-Орос, Хятад улсуудтай Арктикийг эзэмших тэмцэлд цаг алдалгүй шамдан орохгүй бол Америк хоцорлоо. Бид аравхан жилийн өмнө Арктикийг хойд чиглэлийн далайн зам гэдгээс илүү харж яваагүй бол өнөөдөр байдал өөрчлөгджээ.
-Оросууд эртнээс бэлдээд эхэлчихэж. АНУ өнөөдөр хоёрхон мөс зүсэгч онгоцтой байхад оросуудад далайд хөвж байгаа дөчин мөс зүсэгч хөлөг онгоц байгаа. 2035 он гэхэд оросууд дахиад 13 тийм атомын хөдөлгүүртэй хөлөг онгоцыг үйлдвэрлэн гаргах нь.
-Оросууд Хойд туйлын мөсөн гарцаа сайжруулж тэнд байршуулах байгууламжаа босгож байхад америкчууд хөдлөөгүй. Одоо дулаашрал өчигдрийн мөс байсан газрыг хайлуулан нээлттэй болгож байгалийн баялагт хүрэх замыг чөлөөлж өгсөн хойно бид дөнгөж л сэрж эхэлж байна. Хоцроогүй юу.
-Оросоос илүүтэйгээр хятадууд санаа их зовоож байна. Тэд хэдийнэ “Туйлын торгоны зам” гэдэг хөтөлбөр босгоод хэрэгжүүлээд эхэлчихсэн байна шүү дээ. Хойд туйлаас хамаагүй хол оршдог хятадууд аль хэдийнэ хоёр мөс зүсэгч аварга том хөлөг онгоц үйлдвэрлэчихсэн байна. Арктикийн эзэмшилд огт хамаагүй, газар зүйн байрлалаараа Арктиктай наалдах ямар ч боломжгүй хятадууд яаж тийшээ зүглэж чадав.
-Хятад бол АНУ-ын хувьд хамгийн том аюул, урьд өмнө тулж байсан аюул заналхийллээс тэс өөр агуулгатай аюул гэдгийг ойлгох цаг иржээ. Бээжин хэзээ ч олон улсын эрх, жаяг гэдгийг ойшоон үзэж байгаагүй, тэгээд ч тэдний өсөн тэлж буй эдийн засаг дэлхийд нөлөөлөх болсон энэ цаг үед Арктикийг Хятад-Оросын холбоонд алдах цаг хаяанд иржээ.
Б.ХУЛАН