Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар “Ковид-19” халдвар буурч эхлэв DNN.mn

Дэлхий даяар “Ковид-19” халдварын шинэ тохиолдлын тоо гуравдугаар сарын эхээр өсcөн ч халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоног дараалан буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэв. ДЭМБ-ын “Ковид-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын шинэ тайланд дурдсанаар, дэлхийн даяар гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 3-нд илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос 16 хувиар буурсан байна.Дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар дэлхийн хэмжээнд халдварын 489 сая гаруй тохиолдол илэрч, зургаан сая гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн долоо хоногт халдвараар нас барсан тохиолдлын тоо 43 хувиар буурсан аж. Өмнөх долоо хоногийн хувьд зарим улсын “Ковид-19”-өөр нас барсан тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдээгүй байсан тохиолдлууд нэмэгдсэнтэй холбоотойгоор эрс өсөөд байсан гэнэ.Өнгөрсөн долоо хоногт шинээр илэрсэн халдварын тохиолдлуудыг улсаар нь авч үзвэл, БНСУ-д хамгийн олон буюу хоёр сая гаруй, Германд 1.3 сая гаруй, Францад нэг сая орчим тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Гэхдээ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад БНСУ-д халдварын тохиолдол 16 хувиар, Германд 13 хувиар буурсан бол Францад 13 хувиар өсчээ. Тухайн долоо хоногт ДЭМБ-ын зургаан бүс нутагт бүгдэд нь халдварын шинэ тохиолдол, нас барсан тохиолдлын тоо буурч буй хандлага ажиглагдсан байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн улс “Ковид-19”-ийн шинжилгээний стратегиа аажмаар өөрчилж байгаа нь нийт хийсэн шинжилгээний тоо буурахад нөлөөлж, улмаар илэрсэн тохиолдлын тоог бууруулж байгааг ДЭМБ сэрэмжлүүлсэн байна.


Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *