Categories
гадаад мэдээ цаг-үе

Дэлхий дахинд цар тахлын улмаас нас барсан хүний тоо 3 саяд хүрчээ

Дэлхий даяар коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүний тоо 3 саяд хүрснийг Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримт харуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар өдөрт дунджаар 12000 хүн “Covid-19” өвчний хүндрэлээр нас баржээ.

Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн цар тахал эхэлсэн цагаас хойш вирусийн халдвар тархалт хамгийн өндөр түвшиндээ ойртож буйг анхааруулсан юм.

Өнгөрсөн хугацаанд дэлхий дахинд нийтдээ 140 сая орчим хүн коронавирусийн халдвар авсан байна.

Сүүлийн хоёр сарын хугацаанд долоо хоног тутамд илэрдэг халдварын тохиолдлын тоо хоёр дахин өсчээ.

Уг өсөлтөд хамгийн их нөлөөлж байгаа улсууд нь Энэтхэг, Бразил болоод байна.

1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улсад хоёрдугаар сарыг хүртэл өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдол 20,000 хүрэхгүй хэмжээнд хүрээд байсан ч сүүлийн үед огцом өссөн юм. Өчигдөр буюу Бямба гарагт тус улсад 234,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн нь гурав дахь өдрөө дараалан хамгийн дээд хэмжээндээ хүрсэн хэрэг байв.

210 сая хүн амтай Бразил улсад Баасан гарагт 85,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 3,305 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай зэрэгцэн вакцинжуулалтын аян дэлхий даяар хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 165 оронд 860 сая гаруй тун вакциныг дархлаажуулалтад ашиглажээ.

Гэхдээ вакцины тэгш хүртээмж улс орнуудад харилцан адилгүй байгаа нь цар тахалтай хийх тэмцлийн нөлөөг бууруулж байна.

Тухайлбал Израйль улс 100 иргэн тутамдаа 119 тун вакцин зарцуулаад байгаа бол тус улсын харьяанд байдаг Палестины газар нутагт 100 хүн тутамд 2.81 тун оногдож байгаа юм.

Баян чинээлэг улс орнуудын иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь вакцин тариулаад байгаа бол ядуу буурай орнуудын 400 иргэн тутмын нэг нь вакцинжуулалтад хамрагдсан байна.

Гэхдээ дан ганц вакцин цар тахлыг устгаж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа.

Коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбаруудад вакцин нөлөөлөх үү гэсэн асуудал өнөөдөр эрдэмтэд, судлаачдын санааг хамгийн их зовоож байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *