Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхий дахин цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ үе шатанд шилжиж байна DNN.mn

Дэлхий дахин 2030 он гэхэд үнэлгээ нь гурав дахин нэмэгдэж, олон сая ажлын байр шинээр бий болгох цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ үе шатанд шилжиж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ пүрэв гарагт мэдэгдэв.

Нарны хавтан, салхин турбин, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуур, устөрөгчийн электролизер зэргийг хамарсан дэлхийн цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2030 он гэхэд ойролцоогоор 650 тэрбум ам.доллараар үнэлэгдэх тооцоо гарчээ.

Өнөөгийн түвшинтэй харьцуулахад энэ нь гурав дахин тэлсэн үзүүлэлт боловч улс орнууд эрчим хүч, уур амьсгалтай холбоотой үүрэг амлалтуудаа бүрэн биелүүлэх эсэхээс хамаарна гэдгийг ОУЭХА-ийн тайланд дурдсан байна.

Мөн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын ажлын байрны тоо 2030 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 14 саяд хүрнэ гэж таамаглаж байна. Гэхдээ ашигт малтмалын нөөцийн олборлолт, үйлдвэрлэлийн төвлөрөл зэрэг нь нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл учруулж байгааг мөн анхааруулжээ.

Тухайлбал, нар, салхи, цэнэг хураагуур, электролизерын үйлдвэрлэлийн 70 хувь нь гуравхан оронд ногдож байгаагаас Хятад улс бүгдэд нь манлайлж байгаа аж. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дэлхийн кобальтын 70 гаруй хувийг олборлож байгаагаас гадна Австрали, Чили, Хятад гэсэн гурван улс цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол бүрэлдэхүүн болох литийн дэлхийн үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлж байна.

Нийлүүлэлтийн эрсдэл бүхий ийм байдал нь эрчим хүчний шилжилтийг улам төвөгтэй хийгээд өртөг өндөртэй болгож байгааг тайланд тэмдэглэжээ. Өнгөрсөн онд кобальт, лити, никелийн үнэ өссөн нь цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурын үнийг 10 орчим хувиар нэмэгдэхэд хүргэсэн юм.

ОУЭХА-ийн тэргүүн Фатих Бирол худалдааны нэг эх үүсвэрээс хэт их хамааралтай байгаагаас үүдэн саатал тасалдал үүсэж болзошгүй болохыг Европын орнууд Оросын байгалийн хийнээс хараат байсныг жишээ болгон дурдаад, нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг улс орнуудад уриалжээ.

Тэрбээр мөн олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэх үеэрээ “дэлхийн аль ч улс орон “эрчим хүчний арал” биш учраас улс орнууд хамтран ажиллахгүй бол эрчим хүчний шилжилт илүү их зардалтай, мөн удаашралтай байх болно” хэмээн хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *