Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлыг танилцууллаа. Энэ сарын 17-18-нд орсон цасны зузаан зарим газраар 16-21 см-т хүрчээ. Одоогоор хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Зам, даваа хаагдаагүй ч хальтиргаа, гулгаа нэмэгдсэн гэдгийг тэрбээр танилцууллаа.
Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Нийслэлд цас их орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларсан. Түүнчлэн Хайлаастын болон шинэ гэмтлийн эмнэлгийн зэрэг зарим өгсүүр газарт гулгаа их үүсч автомашины хөдөлгөөнд ачаалал үүссэн. Улмаар ослын дуудлага нэмэгдсэн болохыг мэдэгдлээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэргийг өнгөрсөн сартай харьцуулахад булаалт болон дээрмийн гэмт хэрэг өссөн болохыг албаныхан онцолсон.