Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан наадмын бэлтгэл ажил болон зарим уламжлал болсон арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:“Үндэсний харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан зэрэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 13 дугаар зуун цогцолборт зохион байгуулагдана. Харин хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно.
УОК-оос хүн олноор цуглуулж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас иргэдийг цуглуулахгүйгээр теле хэлбэрээр баяр наадмаа нийтэд хүргэх хэлбэрийг сонгосон.
Долдугаар сарийн 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдах тэмцээн уралдаанд оролцох хүмүүст УОК, ЭМЯ зэрэг зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлнэ.
Мөн коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын өдрүүдэд:
– Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,
– Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол,
– Төрийн далбаан-ий өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал,
– Өсвөрийн бөхийн барилдаан,
– Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа,
– Төрийн дайллага,
– Дээлтэй монгол наадам,
– Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар түр журамд заасан гэдгийг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлсэн юм.
Д.Баттогтох