Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид бичгээр танилцуулахаар болов

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр Г.Алтанчимэг, П.Золзаяаг, Захиргааны хэргийн танхимд П.Соёл-Эрдэнийг, Эрүүгийн хэргийн танхимд Ч.Хосбаяр нарыг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа юм. Тэднийг томилох асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үнэнч шударгаар ажиллахыг захиж байсан юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ч.Хосбаяр гэдэг нөхөр орж ирсэн цагаасаа эхлээд инээгээд, пээдэгнээд байгаа чинь ёс зүйтэй асуудал мөн үү. Оруулж ирж байгаа албан тушаалтнууд Монголд шударга ёсыг тогтооё гэж байгаа юм бол нэг бүрчлэн чихнээс нь чангааж, ажиллах хэрэгтэй байна. Ингэхгүй бол болохгүй байна. Шүүхийн Мэргэжлийн хорооноос хамгийн өндөр оноог н.Данзан, н.Өлзийсайхан, н.Сүнжид, н.Эрдэнбулган авсан байхад, энэ дөрвөн хүний асуудал яригдахгүй байна. Ийм байхад Шүүхийн Мэргэжлийн хороод хуралдаад яах юм. Ийм хариуцлагагүй явдал байна. Шүүгч нарын цалинг өндөр баталсан, гэтэл энэ нэр дэвшигчид дунд “Монгол Улсад хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө шударга ажиллана гэж ярих хүн нэг ч алга” гэсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Шүүгчдийн ёс зүйн төлөвшлийг тууштай байх, нийгмийн мэдрэмж зэрэг олон шалгуураар сонгон шалгаруулдаг. Мөн хуульчдаас шүүгчдийг шилж олохыг чухалчилдаг. Олон шалгуураар шүүсний үндсэн дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд шалгаруулсан” гэсэн тайлбар хийсэн юм.

Ингээд нэр дэвшигчдийг УИХ-аас Ерөнхийлөгчид бичгээр мэдээлэхээр хуульчилсныг ёсоор болгохоор болов.

Дараагаар нь Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/-ийг хэлэлцэж дуусаад үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *