Categories
мэдээ улс-төр

“Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ, Азийн хөгжлийн банк хамтран “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, дээд боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам бол бид нэгдэж ажиллах явдал гэдгийг онцлон тэмдэглээд эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх болно хэмээв.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлэхдээ, “Манай орны хувьд дээд боловсролын салбараас дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, төрийн болон хувийн байгууллагуудад нийлүүлэхээс өөр дорвитой хувь нэмэр харагдахгүй байна. Дээд боловсролын салбарын нэр хүнд унаж, төгсөгчдийн чанар чансаа зах зээлд хөрвөх чадваргүй байна гэсэн шүүмжлэл ч их байгаад бид дүгнэлт хийх ёстой” гэв. Энэ шатны сургалтын үр дүнг дэлхийн хэмжээний шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэх, хэрэглэж байгаа хяналтын арга механизмыг ашиглах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Судалгааны их сургууль байгуулах үзэл баримтлал” илтгэлдээ, “Их дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь улс орны хөгжилд дорвитой нөлөөлөл үзүүлж чадахуйц төвшинд хүрээгүйг тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаа зонхилсон хэвээр байгаа тул судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснийг онцлов.

Авьяасыг хөгжүүлэх, дэмжих, их сургууль улс орны инновацын төв болох, дээд боловсролын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх болон дээд боловсролын хүний нөөцийн бодлоготой болох зэрэг шаардлагын улмаас Судалгааны их сургууль байгуулах нь зүйтэй гэж УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” илтгэлдээ танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, А.Ундраа нар МУИС, МУБИС, ШУТИС болон хувийн сургуулиудын эрдэмтэн, багш нартай санал солилцож, илэн далангүй ярилцав.

Хэлэлцүүлэгт оролцогчид их, дээд сургуулиуд мөнгө олдог хэрэгсэл болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үүнийг шинэчлэх цаг нь болсон тул сургуулийг чадваржуулах, нэгтгэх, шинээр байгуулах шаардлагатай зэргээр санал, байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн төрийн өмчийн найман их дээд сургуулийг нэгтгэн “Судалгааны их сургууль” байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *